Дээд боловсролын шинэчлэл

Өмнөд Солонгосын дээд боловсролын шинэчлэлтүүд: их сургуулиудыг олон улсын чанартай болгоход болон их сургуулиудын хамтын ажиллагааг өрнүүлэхэд гарч буй төр болон хувийн салбарт  тулгамдаж буй асуудлууд

Терри Ким

Брюнелийн Их Сургууль, Англи улс

Дээд боловсрол

Хураангуй: Энэ бүтээлээр Солонгосын дээд боловсролын хөгжил, мөн засгийн газар болон дээд боловсролын харилцан хамаарлын онцлог шинжүүдийг үндэс болгон Өмнөд Солонгосын дээд боловсролын бүтцийг өөрчлөх тухай бодлого, туршлагад дүн шинжилгээ хийсэн болно. Солонгосын дээд боловсролын хөгжилд Засгийн газар нь зохицогчоос илүүтэйгээр шууд зохицуулагчийн үүрэг гүйцэтгэдэг.Хэдий тийм ч өмч хувьчлал, зах зээлийн өрсөлдөөнийг зохицуулдаг төр зэрэг нео-либерал бодлогод чиглэсэн дэлхий нийтийн чиг хандлага Солонгост 1990-ээд онд хүчээ авсанаар дээд боловсролын бодлого аажимдаа өөрчлөгдөх болов. Төрийн салбарын нео-либерал өөрчлөн байгуулалт, шинэчлэлтийн тухайд хүмүүс ярих болж, үүнийгээ дагаад бодлого боловсруулан хэрэгжүүлэх болсон.  

Иймээс энэхүү нийтлэлээр одоогийн засгийн газрын дээд боловсролын шинэчлэлийн талаар  авч хэрэгжүүлж буй улс төрийн бодлогын үндсийг даяарчлалтай холбон шинжлэхийг зорилоо. Дээрх нөлөөллийг үл харгалзан Боловсролын яамны дээд боловсролын салбарыг удирдах үүрэг буюу яам болон дээд боловсролын салбарын үндсэн харилцаа хамаарлууд хараахан өөрчлөгдөөгүй хэвээр байна. Иймд Солонгосын засгийн газар дээд боловсролын салбарт хандах хандлагаа яагаад, хэрхэн өөрчлөхгүй байгаа талаар энэхүү нийтлэлд өгүүлнэ.

Солонгосын дээд боловсролын онцлогууд

Бусад улс орнуудтай харьцуулахад Солонгосын дээд боловсрол хэд хэдэн өвөрмөц онцлогуудтай. Нэгдүгээрт, Солонгосын дээд боловсролын байгууллагуудын дийлэнх нь хувийнх. Дээд боловсролын байгууллагуудын бараг 85% нь (4 жилийн сургалттай 171 их сургуулиас 145, мөн 2-3 жилийн сургалттай 158 коллеж байдгаас 143) хувийнх юм. Их сургуулийн оюутнуудын бараг 78%, мэргэжлийн сургуулийн оюутнуудын 96% нь хувийн сургуулиудад элсдэг байна. (Солонгосын Боловсролын Хөгжлийн Институт 2005 он). Түүнчлэн, Солонгосын Боловсролын яам дээд боловсролын төрийн болон хувийн салбарт хоёуланд нь шууд хяналт тавьдаг. Боловсролын байгуулагуудын хоорондын ялгааг үл хайхран төрийн болон хувийн салбарын боловсролд хоёуланд нь хатуу хяналт тавьдаг.Жишээ нь, Өөрийн захиргаатай Сөүлийн үндэсний их сургуулийг эс тооцвол үндэсний бүх их сургуулиудыг Боловсролын Актын журмаар Боловсролын яам хянадаг. Энэ нь угтаа үндэсний боловсролын байгууллага бүр онцгой эрхгүй болохыг хэлнэ (Kim, 2001, pp. 147-149).Засгийн газар болон их сургуулийн холбоо хамаарлууд нь ерөнхийдөө төрийн санхүүжилтын журмаар зохицуулагддаг. Гэхдээ Солонгос улсын хувьд дээд боловсролын салбар дах засгийн газрын зохицуулалтууд санхүүжилтын хэлбэрүүдээс үл хамааран хүчирхэг байдаг. Хувийн их сургуулиуд өөртөө захирах эрх мэдлээс илүүтэйгээр дүрэм, журмуудыг онцлон заасан “Хувийн сургуулийн хууль”-д захирагддаг (Kim, 2001, pp. 147-149).Засгийн газрын санхүүжилт болон зохицуулалтаас хамааран Солонгосын дээд боловсролын өртөг нь хувийн салбарын хөрөнгөөр ихээхэн дэмжлэг авдаг (Хувийн их сургуулийн зардлын ердөө 3% нь төрийн сангаас гардаг).

Дээд боловсрол дахь төрийн санхүүжилтын зардал нь дотоодын нийт бүтээгдэхүүний хувиар маш бага буюу 0,3%-тай, “Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгуулага”-ын дундажтай харьцуулахад 1,1%-тай байна. Их сургуулиудын нийт орлогын хувьд засгийн газрын татаасын хувийг 22,7%-р хязгаарласан бөгөөд энэ нь Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгуулага(78,1%) болон АНУ (45,1%),  Японы (41,5%) дундажаас маш бага юм. Ерөнхийдөө, Солонгост засгийн газар нь дээд боловсролын ханган нийлүүлэгчээс илүү хянан зохицуулагч байдаг гэж ойлгож болно. Бүхэл бүтэн улсыг хамарсан улсын боловсролын систем дээрх засгийн газрын хатуу хяналтын дор дээд боловсролтой холбоотой тэгшитгэх гол санаа байжээ. Боловсролыг эрх тэгш эзэмших боломжийг бий болгохын тулд Солонгосын засгийн газар төрийн болон хувийн салбар гэж ангилахгүйгээр стандарт тогтоосон бага болон дунд сургуулийн системийг тогтвортой барьсан.

Бодит өрсөлдөөн болон шилэлт сонголт их сургуулийн элсэлтийн үед л эхэлдэг. 1995 оныг хүртэл Солонгосын засгийн газар их сургуулийн элсэлтийн шалгуурыг болон тухайн боловсролын байгуулагын оюутны тоог журамласан.(Kim, 2001; Kim &Lee, 2006).

Солонгосын дээд боловсролын байдлыг илүү их онцгой болгодог зүйл бол засгийн газраас хувийн дээд боловсролыг чанга хийгээд хатуу зохицуулалтыг тооцохгүйгээр хувийн салбар тэргүүлдэг дээд боловсролын тэлэлт юм.

Түүнчлэн, Япон, Хятад улсуудаас ялгаатай нь Солонгосын дээд боловсролын хувийн байгууллагуудын байр суурь нь төрийн боловсролын байгууллагуудынхаас доогуур байдаггүй. Жуун Ганг Илбо-ийн хийсэн дэлгэрэнгүй үнэлгээнд суурилсан Их сургуулийн чансааны хүснэгтэнд үзүүлснээр сүүлийн 12 жилд Солонгосын шилдэг 10 их сургуулиудаас дундажаар 8 нь хувийн сургууль байжээ.

Их сургуулийн зэрэглэл

1. POSTECH (Pohang University of Science and Technology) (хувийн)

2. KAIST (Korea Advanced Institute of Science and Technology)

3. SNU (Seoul National University)

4. YONSEI (хувийн)

5. KOREA (хувийн)

6. Sung Kyun Kwan (хувийн)

7. Hanyang (хувийн)

8. Seogang (хувийн)

9. Ewha (хувийн)

10. Kyunghee (хувийн)

Хүснэгт I.  University League Table 2005. Эх сурвалж: JoongangIlbo, 4 October 2005.

Шилдэг их сургуулиудын дунд “алтан гурвалжин”-ны Солонгос хувилбар гэж нэрлэгддэг “ССЁ буюу SKY” их сургуулиуд оржээ. Сөүлийн үндэсний их сургууль, Солонгосын их сургууль болон Ёонсэй их сургуулийн товчилсон нэрс болно. Ёонсэй болон Солонгосын их сургуулиуд хоёулаа 1885, 1905 онуудад хувийн сургууль болон байгуулагдсан бөгөөд Солонгосын дээд боловсролын хувийн байгууллагуудыг тэргүүлсээр байна.

Солонгосын боловсролыг нийгмийн шилжилт хөдөлгөөн болон үндэсний хөгжил дэх хувь хүний дундаж үзүүлэлтээр тодорхойлдог. Дээд боловсролын олон нийтийг хамрах үйл явц харьцангуй эрт эхэлсэн бөгөөд дээд боловсролд өргөн хүрээнд хурдацтай хамрагдах болсон . Одоогийн байдлаар, ахлах сургууль төгсөж буй 18-н настнуудын 97% нь, нэг үе тэнгийн залуусын 82,1% нь дээд боловсрол олгох сургуулиудад суралцдаг байна (KEDI, 2005; OECD,2006). Хэдий тийм ч, Засгийн газрын тэгшитгэх зарчим нь боловсролын сонголтыг хязгаарласан бөгөөд сайн боловсрол эзэмших олон нийтийн хүчтэй эрэлт дотооддоо хангагдаагүй байна. Үүний зэрэгцээ гадаадад суралцдаг Солонгос оюутнуудын тоо нэмэгдсээр байгаа [1] бөгөөд боловсролын цагаачлалын хэв маяг олон хэлбэртэй болж, бага сургуулиас их сургуулийн хүрээнд дээд боловсролын дараахь сургалт, богино хугацааны буюу байнга очиж суралцах аялал, урт хугацааны боловсролын цагаачлал зэрэг орж байна [2]. Боловсролын цагаачлалын Солонгос хэв маяг бол дээд боловсролын өөр нэг маш өвөрмөц онцлог нь бөгөөд гадаадад, ялангуяа Америкт боловсрол эзэмшсэн томоохон их сургуулиудын боловсон хүчний эзлэх хувь өндөр байна. Шинжлэх ухаан, технологийн Поханг их сургуулийн (Солонгосын шинжлэх ухаан технологийн салбарт мэргэшиж буй шилдэг хувийн их сургуулийн нэг) жишээгээр үзэхэд сургуулийн боловсон хүчний 93,3% нь АНУ-д докторын зэрэг хамгаалсан бол Ёонсэй их сургуулийн хувьд 81% , Сэоган болон Эвха Эмэгтэйчүүдийн их сургуулиудын хувьд харгалзан 81,3% , 80,2% нь Америкт докторын зэрэг хамгаалжээ(Жүүн Ган Илбу-ны 2002 оны 11 сарын 15-нд гаргасан судалгаа).

1999 онд Солонгосын их сургуулиудад шинээр томилогдсон багш нарын дунд гадаадад докторын зэрэг хамгаалагчдын эзлэх хувь нь 52,2% байсан ба тэдний 70,5% нь америкт докторын зэрэг хамгаалжээ (Korean Councilfor University Education [KCUE], 2000).Ерөнхийдөө америкийн докторын зэрэгтэй (эрэгтэй) хүмүүс буцаж ирэх нь Солонгосын их сургуулийн уламжлалт хэв маягын нэг хэсэг болоод байна. Гэхдээ, Солонгосын их сургуулийн багш нараар дамжин орж ирсэн гадаадын боловсролын шаардлагууд нь Солонгосын дээд боловсролыг олон улсын шинж чанартай болгоно гэсэн үг биш. Их сургуулийн боловсролын уламжлалын ерөнхий хэв шинж Солонгос хэв шинжээ хадгалсаар байна. Үнэндээ гадаадын дээд боловсролын зэрэг нь Солонгосын сургуулиудын шинэ ажилтан авахдаа тавьдаг байсан хамгийн чухал шаардлага биш.

Боловсролын чанартай байдал Солонгосын чанартай боловсролын ажил алба болон ажил мэргэжлийн өсөлт дэвшилд нэн чухал ач холбогдолтой. Боловсролын эрх мэдлийн сүлжээ нь томоохон их сургуулиудын төгсөгчдын сургуулийнхаа ажилтан болсон эзлэх хувиас харахад илэрхий байна. Жишээ нь, 2002 онд Сөүлийн их сургуулийн төгсөгчдийн эзлэх хувь нь 95,5%, Ёонсэй их сургуулийнх 80%, Солонгосын их сургуулийнх 68% бөгөөд улсын дундаж хэмжээ нь 60% байна.

Харвард, Станфордын их сургуультай харьцуулахад сургуулийн ажилтнуудын дунд төгсөгчдийн эзлэх хувь нь харьцангуй ердөө л 12%, 1% байна (KBS 1TV Report, 10 June 2006).

Дүгнэн үзэхэд, Солонгосын мэргэжлийн, дээд боловсролын болон хувь хүний хамаарлын нийт дэд бүтэц нь гадаадын буюу голдуу америкийн боловсролын байгууллагуудын шугамаар улам хүчтэй болсон эхэн үеийн Солонгосын өндөр зэрэглэлийн боловсролын нэр хүнд болон чанартай боловсролын сүлжээн дээр суурилсан гэж үзэж болно (Kim, 2001, pp. 177-183).Ерөнхийдөө, хувийн дээд боловсрол нь түгээмэл дээд боловсролыг танин ойлгох, уламжлалт боловсролын болон хүнд суртлын эрх мэдлийн сүлжээний тогтсон хэрэглээг үргэлжлүүлэхэд чухал байсаар буй бөгөөд Засгийн газар болон Их сургууль хоорондын гэрээт харилцаа Солонгост харьцангуй хожуу хөгжсөн гэдгийг баримтаас харж болно.

1990-ээд оны үед нео-либерализмын үзэл суртал болон зах зээлийн зарчимт төрийн секторын шинэчлэлт, бууралттай холбоотой бодлогууд Солонгост нөлөөлж эхлэн, дээд боловсролын бодлогын өөрчлөлт хийхэд хүргэсэн. 1995 онд Солонгосын засгийн газар төрийн хяналтаас гаргах бодлого хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд элсэлтийн тоон хязгаарыг арилгасан байна(Kim, 2001). Үүнтэй холбогдуулан өнгөрсөн 10 жилийн турш засгийн газар дээд боловсролд шинэчлэл хийх дэс дараатай алхамуудыг хэрэгжүүлсэн.  Дараагийн хэсэгт засгийн газар болон их сургуулийн гэрээт харилцаа холбооны талаар хянан үзэж, хэлэлцэнэ.

Дээд боловсрол- Хэн эзэмшдэг, хэн тайлан тооцоог хариуцдаг вэ?

Дээд боловсролын хурдацтай тэлэлтийг үл харгалзан Солонгосын засгийн газар нь хувийн сургуулиудыг оролцуулан бүх хэлбэрийн дээд боловсролын байгууллагуудыг байнга журамлаж зохицуулсаар байна.Гэхдээ, өмнө дурьдсанчлан, Солонгосын дээд боловсролын санхүүжилтын ихэнх нь (ойролцоогоор 80%) хувийн их сургуулиудаас ирдэг. Мөн сургуулиудынхаа тоогоороо ч, элсэгчдийнхээ тоогоороо ч хувийн дээд боловсрол нь Солонгосын дээд боловсролын салбарын бараг 80%-г эзэлдэг. Энэ бол дээд боловсролын салбарыг шинэчлэх одоогийн засгийн газрын шинэчлэлийн бодлогын үндсэн нэг хэсэг юм. Үүний үр дүнд, Солонгосын дээд боловсролын нөөц хэрэгцээ нь эрэлтийг бүрэн хангаж эхэлсэн. Өмнө дурьдсанчлан, Солонгост одоогийн байдлаар 4 жилийн сургалттай 200 гаруй их сургууль, 160 орчим коллеж байна. 2003 онд элсэлтийн хэмжээ хамгийн доод хэмжээндээ хүрч их сургуульд шинээр элсэгчдийн тоо нийтдээ 85,000-аар буурсан.

Одоогийн  хүн амын өсөлтийн урьдчилсан тооцоогоор их сургуульд элсэж буй 18-21 настнуудын тоо 2000 онд 3,278,000 байсан бол 2020 гэхэд 2,336,000 болтлоо буурах аж. Энэ тоо нь цаашдаа буурч 2030 он гэхэд 1,511,000 болно гэжээ(MOE, 2005; Ryu, et al,2006, p. 43). Тухайн насны коллежид элсэгчдийн тоо буурч байгаа нь олон хувийн коллеж, их сургуулиудад, ялангуяа Сөүл хотын төвөөс гадна байрших сургуулиудад гол цохилт болж байгаа бөгөөд эдгээр сургуулиуд нь оюутан элсүүлж санхүүгийнхээ аюулгүй байдлыг хангахад тулгардаг хэрээс хэтэрсэн асуудлуудтай болоод байна. Ерөнхийдөө, хувийн дээд боловсролын байгууллагуудын хувьд оюутны уламжлалт зах зээлийн бууралт, хямралууд Солонгост эрчимжих төлөвтэй. Эдгээр бэрхшээлүүд нь эдийн засгийн даяарчлал, олон улсын чанартай дээд боловсролоос урган гарч, ерөнхийдөө үндэсний нийгэм, эдийн засгийн дэд бүтцийг өөрчилж байна.

Солонгосын дээд боловсролын шинэчлэлийн үйл явц нь өндөр туршлага, мэдлэгтэй ажилчид одоогоор ихээхэн эрэлттэй байгаа үндэсний эдийн засаг дахь бүтцийн өөрчлөлттэй хараахан хамт явагдахгүй байна. Солонгост дээд боловсролын хэрэгцээ, ажлын зах зээлийн эрэлт хоёрыг холбоход бэрхшээлүүд бий. Солонгост дээд боловсролтой ажилгүйчүүдийн хувь өсч байна.

Солонгост их сургуулийн боловсрол эзэмшсэн болон эзэмшээгүй ажилгүй залуучуудын эзлэх хувийг ажилгүйчүүдийн дундаж 3,5%-тай харьцуулахад 2004 онд 7,9%  гэж тооцоолсон. Мөн их сургууль төгсөгчдийн тоо болон  төгсөгчдөд боломжтой  ажлын байрны тооны хувьд зөрүү их.

1990-ээд оноос хойш 2-3 жилийн мэргэжлийн сургалттай коллеж төгсөгчдийн ажил эрхлэлтийн хувь 80%-аас дээш байсан бол 4-жилийн сургалттай их сургууль төгсөгчдийн ажил эрхлэлтийн дундаж 60%, түүнээс доош байв. Түүнчлэн, дээд боловсролтой ажилгүйчүүдийн тоо өсөхийн зэрэгцээ Солонгост үйлдвэрлэл болон барилга байгууламжийн салбарт хүн хүчний дутагдал үүссэн. Ерөнхийдөө дээд боловсролын хурдацтай тэлэлт нь томоохон бизнесменүүдийн илэрхийлснээр их сургууль төгсөгчдийн боловсролын чанарт санаа зовниход хүргэж байна[3].Солонгост дээд боловсролын хэтэрсэн нийлүүлэлт болон их сургууль төгсөгчдын ажилгүйдлын хувийн өсөлтөөс болж дээд боловсролын үнэ цэнэ алдагдахад хүрчээ.

Солонгосын дээд боловсролын санхүүжилт

Хэдийгээр өнгөрсөн 15 орчим жилийн турш дээд боловсролд зориулсан төрийн санхүүжилт нэмэгдсээр байсан ч Солонгосын засгийн газрын дээд боловсролд зориулсан нийт төсөв маш бага байна. 2006 оны 5-р сарын 11-нд хэвлэгдсэн Солонгосын Боловсролын яамны статистик мэдээ, 2006 оны 5-р сарын 12-нд гарсан Их сургуулийн мэдээний сүлжээ мэдээнд дурдсанаар 2005 онд дээд боловсролд зориулсан засгийн газрын санхүүжилтын хэмжээ 448,8 тэрбум вон (ойролцоогоор 475 сая ам.доллар) байсан нь дээд боловсролын байгууллагуудад төсөвлөсөн нийт төсвийн 22,7% байв. Солонгосын хувийн дээд боловсролын байгууллагуудын санхүүгийн эх үүсвэр нь өдгөө ч гэсэн сургалтын төлбөрөөс (60%-аас дээш) их хамааралтай байна.Засгийн газрын бодлого хувийн хэвшлийн сургуулиудын сургалтын төлбөрийг бага түвшинд байлгасаар иржээ. Гэхдээ, одоо хувийн боловсролын байгууллагуудад төлбөрийн хэмжээг өөрсдөө тогтоохыг зөвшөөрсөн. Хэдийгээр их сургуулиудын сургалтын төлбөрийн төвшний хэмжээ ихээхэн зөрөөтэй биш ч гэлээ (дундаж төлбөр 8500 ам.доллар, Солонгосын хүн амын дундаж орлоготой харьцуулахад их юм)дараагийн хэдэн жилд сургалтын төлбөр нэмэгдэж мэднэ. Сургалтын төлбөрийн бодлогыг төрийн хяналтаас гаргах явдал нь шилдэг болон чанар тааруу хувийн сургуулиуд хоорондын санхүүжилтын зөрүүг ихэсгэнэ. 1990 онд Солонгосын засгийн газар анх удаагаа дээд боловсролын нийт чанарыг сайжруулахын тулд өрсөлдөөн дээр тулгуурлаж хувийн дээд боловсролын байгууллагуудад тэтгэмж олгож эхэлсэн. Тэр цагаас хойш Солонгосын дээд боловсролын ерөнхий чиг хандлага нь дээд боловсролын байгууллагуудын дундах өрсөлдөөнийг нэмэгдүүлэх, аудит өрсөлдөөнд хамгийн өндөр гүйцэтгэл үзүүлсэн байгууллагад сонгон шалгаруулж дэмжлэг үзүүлэхзорилготой Англи-Америкийн аудит механизмын загварыг дагаж эхэлсэн. 1992 оноос хойш боловсролын чанарыг хангахын тулд их сургуулийн боломж чансааг хэмжихэд үнэлгээний болон магадлан итгэмжлэлийн системийг ашиглаж байна (Kim, 2001, p. 151). Үүний дагуу, сонгогдсон хувийн дээд боловсролын байгууллагууд илүү их санхүүгийн дэмжлэг авах, элсэгчдийн заасан тоог хэмжээг ихэсгэх,их сургуулийн өөртөө захирах эрх мэдэлтэй болохыг сонирхож эхэлсэн. Одоогоор төрийн болон хувийн салбар гэдгийг үл харгалзан Засгийн газрын судалгааны санхүүжүүлтийн 46 орчим хувийг шилдэг 10 сургуульд олгодог байна. Дээд боловсролын хязгаарлалттай санхүүжилтыг олгох шинэ аудит механизмын дагуу  Солонгосын хувийн их сургуулиуд шаардлагатай зарим санхүүгийнхээ хэрэгцээг хангахын тулд ашгийн төлөөх үйл ажиллагаагаа багасгахад ихээхэн дарамтын доор байна [4].Хувийн дээд боловсролын байгууллагуудын санхүүгийн төсвийн бараг 75% нь сургалтын төлбөрөөс бүрддэг. Төсвийн 8,5% нь бизнесийн салбараас, үлдсэн хэсэг нь хандив, тусламжаас бүрддэг(Ryu et al, 2006, p. 44).Солонгост дээд боловсролын хандивын зах зээлийн өсөлт үргэлжилж байгаа хэдий ч цөөхөн хэдэн хувийн шилдэг сургуулиудад гол хандив төвлөрдөг. Цөөхөн хэдэн шилдэг сургуулиуд өөрсдийнхөө төгсөгчдөөс болон томоохон байгууллагуудаас хандив цуглуулж чаддаг. Жишээлбэл, Ёонсэй,Кореа, ПОСТЕК, Сунг Кюн Ван их сургуулиуд томоохон байгууллагууд болон төгсөгчдийн хандиваас бүрддэг дээд боловсролын хандивын нийт зах зээлийн 30%-г эзэмшдэг(MOE, 2005;Ryu et al, 2006, pp. 45-46).Солонгосын дээд боловсролын салбарт бизнесийн гүйцэтгэх үүрэг нэмэгдэж байгаа ч Солонгосын засгийн газрын үүрэг дээд боловсролын байгууллагуудыг хянан зохицуулах, байгууллагуудын хоорондох өрсөлдөөний шинэ журмыг бий болгоход голлох үүрэг гүйцэтгэсэн хэвээр байна. Дээд боловсролын санхүүжилтын шинэ нөхцөл маягаар янз бүрийн аудит механизмууд бий болж байна.Дээд боловсролын чанарыг дээшлүүлэх, өрсөлдөөнийг бий болгох зорилготой аудитад суурилсан санхүүжилтын шинэ механизмуудыг Солонгосын засгийн газрын 1999 онд хэрэгжүүлж эхэлсэн томоохон төсөл болох “Брэйн Кореа 21” төслөөс дэмжсэн болно. “БК21” санхүүжүүлэлтийн эхний үе шатанд 440 төсөл хэрэгжүүлэх120 сургуульд олгожээ. Нийтдээ 1,4 их наяд воныг (ойролцоогоор 1,3 тэрбум ам.доллар) сонгогдсон гол их сургуулиудын судалгааны төслийг дэлхийн төвшинд хүргэх, орон нутгийн их сургуулиудын өрсөлдөөнийг нэмэгдүүлэх зорилгоор 7 жилийн турш “БК21” төсөлд зарцуулжээ.

“БК21” төслийн хоёрдох үе шат 2006 онд эхэлсэн бөгөөд 2013 он хүртэл үргэлжилнэ. Солонгосын засгийн газар сонгогдсон их сургуулийн судалгааны, ялангуяа аж үйлдвэртэй холбоотой технологийн хөгжлийн салбарын төслүүдийг санхүүжүүлэхийн тулд “Брэйн Кореа 21” хөтөлбөрүүдэд зориулж 2,03 тэрбум ам.долларыг төсөвлөжээ(MOE, 2006).Засгийн газраас удирдсан дээд боловсролын хөгжлийн энэ загвараар “төрийн” болон “хувийн” гэсэн уламжлалт хоёр салбар Солонгост зарим талаараа адид болж байна. Дээд боловсролын “хувийн” гэх нэршил Солонгос агуулгаараа өрөөсгөл бөгөөд санхүүгээс бусад тал дээр төрийн болон хувийн сургуулиудын хооронд нэг их ялгаа байхгүй. Солонгосын хувийн дээд боловсролын байгууллагууд нь засгийн газрын зохицуулалтын хүрээн дор хянагдаж байдаг. Засгийн газар нь хувийн дээд боловсролын байгууллагуудыг байгуулах зөвшөөрөл олгодог цорын ганц эрх бүхий байгуулага юм.

Хувийн дээд боловсролын байгууллагад ажилладаг хүмүүс нь төрийн албан хаагчид биш боловч тэд элсэлтийн тооны хязгаар, элсүүлэх журам, шинэ сургууль байгуулах, боловсролын сургалт, мөнгө санхүүгийн хуваарилалт, зардалтай холботой засгийн газрын шаардлагыг биелүүлэх ёстой. Нэгэн томоохон хувийн их сургуулийн хуучин дэд ерөнхийлөгчийн зүгээс “Солонгосын хувийн их сургуулиуд засгийн газрын гаргаж буй шударга бус шийдвэрүүдээс өөрсдийгөө хамгаалах замаар засгийн газрын саналыг хүлээн аваад сурчихсан” гэдгийг хүлээн зөвшөөрчээ(Lee, 1998, p. 20).

Боловсролын байгууллагын өөрөө захирах эрх мэдлийн дагуу, засгийн газрын бодлогууд нь тухайн хувийн дээд боловсролын байгууллагуудын менежментийн хүрээнд, тухайлбал, сургалтын төлбөрийн бодлого, шинэ ажилтан авах, элсэлтийн журам, сургалтын хөтөлбөрийн хөгжил зэрэгт жигд үйлчилдэг. Жишээлбэл, 2006 оны 4 сард Боловсролын яамны зүгээс Евха, Эмэгтэйчүүдийн, Солонгос, Ёонсэй зэрэг нэр шилдэг хувийн хэдэн сургуулийг элсэх оюутнуудынхаа дунд сургуулийг эрэмбэлэн, тэдэнд илүү оноог ноогдуулсаны тул торгууль тавьжээ. Тус сургуулиуд 2 жилийн турш авах ёстой байсан засгийн газрын тэтгэлэгийнхээ 20%-г алдсан (Brender, 2006) байна. Товчхондоо хэлэхэд, Засгийн газар нь дээд боловсролын салбарын хувьд тохируулагч, чиглүүлэгч, зохицуулагч, зөвлөгч, шийтгэгчийн гол үүрэг гүйцэтгэдэг. Засгийн газрын тэрхүү зохицуулалтын хүрээний хувьд Солонгосын дээд боловсролын байгууллагуудын дунд стратегийн олон талт хөгжлийн хүчтэй нийцэмж болоод  дутагдалтай талуудтай. Үүний үр дүнгээс харвал, аспирантурын зэрэг олгодог Солонгосын 4 жилийн сургалттай их сургуулиудын эзлэх хувь бараг 75% байгаа нь Америк(61%), Япон (48,5%) байгаагаас хол илүү болно (Ryu et al, 2006, p. 26). Энэ утгаараа, одоогийн засгийн газрын дээд боловсролын шинэчлэлтийн стратеги нь ирээдүйн олон талт хөгжлийн хэрэгцээтэй хэрхэн тулгарах асуудалд тодорхой чиглэсэн болно

Засгийн газрын шинэчлэлтийн хөтөлбөр: Шинэчлэн өөрчлөх

2004 оны 12-р сард Боловсрол, Хүний Нөөцийн Хөгжлийн Яам Солонгосын их сургуулиудын өрсөлдөөнийг хурцлах нэгэн оролдлого хийн “Их сургуулийг шинэчлэх төлөвлөгөө”-г танилцуулжээ(MOE, 2005; MunwhaIlbo, 5 July 2005). 2005 оны 5-р сард тус яам төрийн болон хувийн их дээд сургуулиудыг шинэчлэх зорилгоор дараах байдлаар тоймлож болох нарийвчилсан стратегийг хэрэгжүүлж эхэлсэн. Үүнд: 1.элсэлтийн тоог хасах, нэгтгэх,мэдэлд авах бодлого, 2. оршин байгаа хувийн дээд боловсролын байгууллагуудын мэргэшүүлэлт, 3. Улсын их сургуулиудыг нэгтгэх, 4. Бүс нутгийн эдийн засгийн хөгжилтэй холбогдуулан шинэ их сургууль-аж үйлдвэрийн холбоог бий болгох, 5. Дотоодын боловсролын зах зээлийг чөлөөтэй болгох зүйлс орсон (MOE, 2005).

Дээд боловсролын салбарыг шинэчлэх засгийн газрын төлөвлөгөө бол юуны түрүүнд энэ салбарын хэмжээг багасгах явдал.Засгийн газар оюутнуудын тоог бууруулсанаар дээд боловсролын чанарыг сайжруулахад ахиц гаргана гэж үзэн 2009 онд их сургуульд нэг жилд элсэгчдийн тоог 15 орчим хувиар бууруулахыг зорьж байсан. Мөн тэр үед, засгийн газар сургуулиудыг нэгтгэх, мэдэлдээ авахын тулд дээд боловсролын байгууллагуудад үзүүлэх дарамтыг ихэсгэн, үндэсний болон хувийн сургуулиудад зориулсан “Нэгтгэх, мэдэлд авах” буюу “М ба А” нэртэй гурван өөр төлөвлөгөөг 2009 оноос Боловсролын яамнаас хэрэгжүүлжээ.

1. Хэлбэр 1: Их сургуулийг их сургуультай нь, коллежийг коллежтэй нь нэгтгэх

2. Хэлбэр 2: Ижил бүс нутагт байгаа ижил бүрэлдэхүүний их сургууль, болон коллежийг нэгтгэх

3. Хэлбэр 3: Нэг ижил бүс нутагт байгаа ижил бүрэлдэхүүний аж үйлдвэрийн коллеж энгийн коллежийг нэгтгэх .

Нэгтгэсэн коллежийг их сургуулийн бүтцээр ахин байгуулна. 2009 оны байдлаар хувийн их сургуулиудын нийт тоог 25%-аар бууруулахыг зорьж байгаагаа Боловсролын яам мөн мэдэгдсэн. Өмнө дурьдаж байсанчлан, Солонгосын их сургуулиудын 80-аас илүү хувь нь хувийн байгууллагууд байсан бөгөөд одоо хувийн дээд боловсролын салбар дах сайн дурын бүтцийн өөрчлөлтийг бий болгох санхүүгийн шинэ арга хэмжээнүүд бий болсон. Жишээлбэл, 2006 оноос эхэлж нэг ажилтанд харгалзах оюутны тоо 40-ээс илүү гарсан хувийн их сургуулиудыг засгийн газрын бүх төрлийн дэмжлэгээс хасах, 2009 оны “Нэгтгэх болон Өөрийн болгож авах” буюу “М ба А” төлөвлөгөөний стандартыг хангаагүй хувийн их сургуулиудын оюутан элсүүлэх тоог хүчээр багасган, тогтоосон хугацаанд шаардлагыг биелүүлэхгүй бол тэдгээр сургууль санхүүгийн торгууль хүлээх болно гэж тус яам мэдэгджээ(MOE, 2006).

Хоёрт, Боловсролын яамны 5 жилийн шинэчлэлтийн төлөвлөгөөнд шилдэг их сургуулиудын мэргэшилүүлэлт, өрсөлдөөний түвшинг дээшлүүлэх арга хэмжээ мөн багтсан. Өмнө дурдсанчлан, Солонгосын 4 жилийн сургалттай их сургуулиудын өндөр тоон харьцааг Солонгосын дээд боловсролын чанарыг сайжруулахад тулгарах саад бэрхшээл гэж тодорхойлсон. Солонгосын 4 жилийн сургалттай олон их сургууль  бусадтайгаа харьцуулах ямар нэгэн онцгой давуу тал байхгүй юм.Засгийн газрын шинэчлэлийн төлөвлөгөө нь одоо байгаа хувийн их сургуулиудад бүтэц, менежмент, хичээлийн хөтөлбөрийн хувьд тэдгээрийн онцлог шинж чанарыг бий болгохын тулд шинэ мэргэшүүлэлтэнд онцгой анхаарч байна. Боловсролын захиргааны дотоод бүтцийг шинэчлэхийн зэрэгцээ сонгогдсон томоохон хувийн их сургуулиудыг хууль, анагаах ухаан, инженер, бизнесийн удирдлага, төрийн захиргаа, боловсрол зэрэг томоохон салбаруудад мэргэжлийн шинэ их сургууль байгуулахад урамшуулсаар байна (MOE, 2006).

Гуравдугаарт, Засгийн газар үндэсний болон төрийн сургуулиудыг нэгтгэх ажлыг 2010 он гэхэд хэрэгжүүлж дуусна гэж мэдэгдсэн.