Хүмүүнлэгийн ухааны их сургууль

Олон улс, орон судлал

Олон улс, орон судлал (Орос, Хятад, Франц, Герман, Америк судлал)

Хөтөлбөрийн үндэслэл: Олон улсын харилцаа, дэлхийн бодлогын төлөв байдал хурдацтай өөрчлөгдөн “харилцан хамаарал” ихэсч буй өнөөгийн нөхцөлд олон улс судлалын салбар ухааны зорилго нь орон судлал, бүс нутаг судлал, олон улс судлалын төвшинд төдийгүй глобал төвшинд судалгаа хийхэд оршиж байна. Үүний зэрэгцээ дэлхийн бодлого ба эдийн засагт томоохон байр суурь эзэлж буй их гүрнүүд, тэдгээрийн улс төр, нийгэм эдийн засаг, гадаад бодлого ба геополитикийн бодлогын өнгөрсөн, одоо, ирээдүйн чиг хандлагыг судлах шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Нэн ялангуяа Монгол улсын хувьд хөрш хоёр их гүрэн, мөн “гуравдагч хөршийн” бодлогын хүрээнд АНУ, Франц, Герман гэх мэт хөгжингүй орнуудыг судлах, улмаар эдгээр их гүрнүүдтэй харилцах бодлого боловсруулах судлаачдыг бэлтгэх шаардлага хурцаар тавигдаж байна.

Ийнхүү ерөнхий болон салбар шинжлэх ухааны арга, арга зүйд тулгуурлан өнгөрсөн түүх, өнөөгийн нөхцөл байдлыг задлан шинжлэх, ирээдүйн чиг хандлагыг урьдчилан таамаглах чадвартай, бодлого боловсруулах өндөр чадвар эзэмшсэн, хөрвөх чадвартай мэргэжилтэн бэлтгэх шаардлага нь энэхүү мэргэжлийн чиглэлийн сургалтын хөтөлбөрийн голлох үндэслэл болж байна.

Хөтөлбөрийн зорилго, хамрах хүрээ: “Олон улс, орон судлал” бакалаврын хөтөлбөр нь орос , хятад, англи, герман, франц, япон зэрэг ХИС-ийн гадаад хэлний олон жилийн сургалтад суурилан, олон улсын харилцааны чиглэлийн мэргэжилтэн бэлтгэж ирсэн арвин туршлагад үндэслэн олон улс болон орон судлалын салбар шинжлэх ухааны онол, практикийн мэдлэг, ур чадвар эзэмшсэн олон улс судлаач, орон судлаач шинжээч, төрийн байгууллагын ажилтан албан хаагч, дипломат ажилтан болон гадаадын хөрөнгө оруулалттай компанид ажиллах мэргэжилтэн боловсон хүчин бэлтгэхэд чиглэгдсэн болно.

Энэхүү бакалаврын хөтөлбөрийн сургалтыг олон улсын харилцааны тэнхимийн багш нар эрхлэн явуулахаас гадна, Орос, Хятад, Америк-Их Британи, Франц, Япон судлалын тэнхимийн багш нар өөр өөрсдийн чиглэлийн хичээлийг хөтлөн явуулна. Үүний зэрэгцээ дотоодын төдийгүй дэлхийн ажиллах хүчний зах зээлд өрсөлдөхүйц мэргэжилтэн бэлтгэхийн тулд гадаад дотоодын их дээд сургуулиуд, судалгааны хүрээлэнгүүдийн нэр хүндтэй судлаач эрдэмтэдтэй хамтран ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлэх тал дээр ХИС идэвхтэй ажиллана.