Орхон их сургууль

2016 ОНД “ОРХОН” ИХ СУРГУУЛЬД ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ

2016 ОНД “ОРХОН” ИХ СУРГУУЛЬД ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ


НЭГ . ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

 

1.1. Оюутан элсүүлэх журмыг БШУЯ-ны сайдын 2013 оны А/79 дугаар тушаалаар баталсан ”Оюутан элсүүлэх журам”-д нийцүүлэн боловсруулав.

1.2. Хөдөө орон нутгийн элсэлт авах ажлыг "Аймаг, орон нутгаас  Монголын Их Дээд Сургуулиудын Консорциумын (МИДСК) гишүүн их, дээд   сургууль, коллежид 2016 онд оюутан элсүүлэх журам”-ыг баримтлан МИДСК-аас томилогдсон элсэлтийн комисс зохион байгуулна. Уг ажилд сургуулийн төлөөлөлийг оролцуулж болно.

1.3. Улаанбаатар хотод явагдах элсэлтийг сургуулийн ректорын тушаалаар батлагдсан  элсэлтийн комисс энэхүү журмыг баримтлан зохион байгуулна.

1.4. Мэргэжлийн эрэлт, хэрэгцээ, захиалга, сургуулийн материаллаг быааз, багшлах боловсон хүчний хангамж, элсэгчдийн сонголтыг үндэслэн БШУЯ-наас тогтоосон хяналтын тоонд багтаан (Хавсралт 1)-д заасан мэргэжлээр оюутан элсүүлнэ. Элсэгч нь монгол хэлний шалгалт өгсөн байна.

1.5. Элсэлтийн журам болон элсэлтийн үйл ажиллагаатай холбоотой аливаа нэмэлт мэдээллийг  www.orkhon.edu.mn; веб хуудас болон orkhonuniversity@facebook.com  хуудсаас дамжуулж авч болно.

 

 

ХОЁР. ЭЛСЭГЧДИЙГ БҮРТГЭХ

 

2.1. Улаанбаатар хотоос элсэгчдийг 2016 оны 07 дугаар сарын 04-20-ны өдрүүдэд хичээлийн төв байранд бүртгэж 07 дугаар сарын 21-нд онооны жагсаалт гарган тэнцсэн оюутнуудыг элсүүлэн авна.

2.2. Ерөнхий боловсролын дунд сургууль төгссөн элсэгчид бүртгүүлэхдээ дор дурдсан баримт бичгийг эх хувиар нь авчирч бүртгүүлнэ.Үүнд:

а/ ЭЕШ-ийн онооны батламж бичиг, монгол хэлний шалгалт өгсөн тухай дүн

б/ Бүрэн дунд боловсролын үнэмлэх буюу түүнтэй дүйцэх баримт бичиг

в/ Сурагчийн хувийн хэрэг 

г/ Иргэний үнэмлэхний хуулбар

д/ 3х4 хэмжээтэй цээж зураг 3 хувь

е/ Бүртгэлийн хураамж 10000 төгрөг

2.3.Бакалаврын боловсролтой элсэгчид Бакалаврын боловсролын диплом, түүний хуулбараас гадна энэ журмын 2.2-ын г, д,е-д заасан баримт бичгийг авчирч, бүртгүүлнэ.

2.4. Суралцах эрхийн бичиг авсан, сургалтын төлбөрөө бүрэн буюу 50 хувийг төлсөн элсэгчийг 2016 оны 08 дугаар сарын 22-30-ны өдрүүдэд сургуулийн хичээлийн төв байранд бүртгэнэ.

2.5.Оюутан дор дурдсан баримт бичгийг авчирч, өөрийн биеээр бүртгүүлнэ. Үүнд:

а/ Энэ журмын 2.2-ын /а-е/-д заасан бичиг баримтын эх хувь

б/ Суралцах эрхийн бичиг

г/ Сургалтын төлбөр төлсөн баримт.

2.6.Суралцах эрхийн бичиг авсан боловч заасан хугацаанд бүртгүүлээгүй элсэгчийн суралцах эрхийн бичгийг хүчингүй болсонд тооцно.

 

ГУРАВ. ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ

 

3.1.Боловсролын үнэлгээний төвөөс зохион байгуулсан ЭЕШ-ын батламжилсан оноог үндэслэн оюутан элсүүлнэ.

3.2. Элсэхийг хүссэн бүрэн дунд боловсрол эзэмшсэн иргэн 2014, 2015 онд Элсэлтийн ерөнхий шалгалт/ЭЕШ/-ыг хавсралтад заасан мэргэжлийн чиглэлийн хичээлээр өгч, элсэлтийн босго оноо/400, түүнээс дээш/-г хангасан батламж авсан байна. Бакалаврын боловсролтой иргэн өөр мэргэжил эзэмшихээр элсэхэд ЭЕШ хамаарахгүй.

3.3. Авъяас, ур чадвар шаардагдах мэргэжлээр элсэхийг хүсэгчид хийсэн бүтээл, уралдаанд оролцож байр эзэлснийг гэрчлэх баримт бичиг /өргөмжлөл, үнэмлэх, батламж зэрэг/-ийг нь үндэслэн сонгон шалгаруулж элсүүлнэ.

3.4. Мэргэжлийн чиглэлээр элсэлтийн болзол хангасан, хяналтын тоонд багтсан элсэгчдийн нэрсийг элсэлтийн комисс заасан хугацаанд мэдээлж, мэргэжил сонгуулна.(Хавсралт-1)

3.5. Мэргэжил сонгохдоо элсэгч нь Улаанбаатар хотод элсэлтийн комисс, аймгуудад МИДСК-ын элсэлтийн комисст дурдсан хугацаанд өөрийн биеэр ирж, онооны дарааллаар мэргэжил сонгоно.

3.6. Бакалаврын боловсролтой иргэнийг Гадаад хэлний орчуулагч мэргэжлээр орой, Нягтлан бодох мэргэжлээр орой, эчнээ, Багш, сургуулийн өмнөх боловсрол мэргэжлээр эчнээ, Нийгмийн ажил мэргэжлээр эчнээ, Хууль зүйн мэргэжлээр эчнээ ангиудад тус тус элсүүлнэ.

3.7. Элсэлтийн комисс мэргэжил сонгосон элсэгчдэд “Орхон” их сургуульд “Суралцах эрхийн бичиг”-ийг олгоно.

3.8. Гадаадад бүрэн дунд боловсрол эзэмшсэн Монгол Улсын иргэн элсэхэд ЭЕШ-ыг дүйцүүлж болох тухай тодорхойлолтыг БСШУЯ-наас авсан байна.

3.9.Суралцахыг хүссэн гадаадын иргэдийг тухайн улсын бүрэн дунд боловсролын үнэмлэх болон түүнтэй дүйцэх баримт бичиг, хичээлүүдийн үнэлгээ, хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээрийн нөхцөлийг үндэслэн элсүүлнэ.

 

ДӨРӨВ. ЭЛСЭГЧИДЭД ҮЗҮҮЛЭХ ХӨНГӨЛӨЛТИЙН НӨХЦӨЛ

 

4.1. Элсэгчдэд болон суралцагч оюутнуудад үзүүлэх тэтгэлэг, хөнгөлөлтийг тус сургуулийг үүсгэн байгуулагч Нямаагийн Хажидсүрэнгийн нэрэмжит “Орхон Боловсрол сан”-аас олгоно.

4.2. Олон улсын болон улсын олимпиадад оролцож эхний 10 байрт шалгарсан буюу  сургуулиас зохион байгуулагддаг Гадаад хэлний /Англи, Орос, Солонгос г.м/ олимпиадад 2 удаа дараалан тэргүүн байр эзэлсэн оюутныг АНУ, Англи, Хятад, ОХУ, Солонгос, Япон зэрэг улсуудын их, дээд сургуулийн зуны сургалтад нэг удаа 100 хувь  тэтгэлэгтэй суралцуулна.

4.3. ЭЕШ-ын оноо нь 700 ба түүнээс дээш оноотой элсэгчийн эхний 10 оюутныг 100 хувь хүртэл бусад оюутны эхний жилийн сургалтын төлбөрийг 10 хувиар хөнгөлнө.

4.4. Урлаг, спортоор тогтмол хичээллэж тодорхой амжилт үзүүлж сургуулийн нэр хүндийг гаргаж буй оюутнуудад суралцах явцад нь 30-100 хувь хүртэл тэтгэлэг олгоно.

4.5. Суралцах хугацаандаа Шинжлэх ухаан, нийгэм, хүмүүнлэг, эдийн засгийн салбарт эрдэм шинжилгээ, судалгааны ажил, бүтээлээрээ зохион бүтээгчийн эрх болзолыг хангасан, ноу-хау, патент авсан бол санхүүгийн дэмжлэг үзүүлэх

4.6.  Дөрөв ба түүнээс дээш улирал дараалан “А” үнэлгээтэй суралцсан  оюутны сургалтын төлбөрийг 50-100 хувь хөнгөлнө.

4.7. Сургалтын төлбөрийг төлсөн хугацаанаас нь хамааруулан сургалтын төлбөрийн хөнгөлөлт/5-20%/ үзүүлнэ.

4.8. Нэг өрхөөс 2 хүүхэд элссэн тохиолдолд нэг суралцагчийн эхний жилийн сургалтын төлбөрийг 10 хувиар хөнгөлнө.

4.9. Төрөөс суралцагчдын нийгмийн баталгааг хангахтай холбогдсон Үндэсний болон урамшууллын тэтгэлэг, сургалтын төлбөрийн болон амьжиргааны зардлын хөнгөлөлт, төрийн сангийн зээл, бусад байгууллагаас зарласан тэтгэлэгт хөтөлбөрт тус тус хамруулна.

 

 

         ТАВ. ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХТЭЙ ХОЛБОГДСОН МАРГААН ШИЙДВЭРЛЭХ

 

5.1. Элсэлтийн талаар маргаан, гомдол гарвал элсэлтийн комисс өргөдлийг хүлээн авна.

5.2. Хүлээн авсан өргөдлийг комисс хэлэлцэн шийдвэрлэж хариуг 3 хоногийн дотор өргөдөл гаргагчид мэдэгдэнэ.

5.3. Элсэгчдийн гаргасан маргаан, гомдол комиссын гишүүдийн буруутай үйл ажиллагаанаас хамааралтай бол сургуулийн дотоод дүрмийн дагуу тухайн багш, ажилтанд хариуцлага тооцно.