Сэрүүлэг дээд сургууль

2016-2017 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД СЭРҮҮЛЭГ ДЭЭД СУРГУУЛЬД ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ

 2016-2017 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД СЭРҮҮЛЭГ ДЭЭД СУРГУУЛЬД  

ЭЛСҮҮЛЭХ  ЖУРАМ 

 Нэг. Ерөнхий зүйл 

 2016-2017 оны хичээлийн жилд Сэрүүлэг дээд сургуулийн бакалаврын хөтөлбөрт оюутан элсүүлэх үйл ажиллагаанд “Боловсролын тухай”, “Дээд боловсролын тухай” хуулиуд, БШУ-ны Сайдын 2013 оны А/79 тооттушаалаар баталсан “Оюутан элсүүлэх журам”, мөн БШУ-ны Сайдын 2014 оны А/143 тоот тушаал болон энэхүү журмыг баримтална . 

Элсэлтийн зорилго нь элсэгчдийн ерөнхий боловсролын түвшин, мэдлэг, чадвар, авьяасыг бодитойгоор үнэлж, тус сургуульд амжилттай суралцах чадвартай иргэнийг шалгаруулан элсүүлэхэд оршино.  

Сэрүүлэг дээд сургуулийн болон элсэлт авах мэргэжлийн хөтөлбөрүүдийн танилцуулга, суралцах хугацаа, элсэгчдэд тавих шаардлага, элсэлтийн ажлын зохион байгуулалт, бүртгэлийн талаар мэдээллийг Сэрүүлэг дээд сургуулийн www.seruuleg.edu.mn  цахим хуудас, сургуулийн хэвлэмэл танилцуулга  болон бусад хамтран ажилладаг байгууллагуудын танилцуулгууд дээр байрлуулна. 

 Интернетээр бүртгүүлэх иргэнийг  www.seruuleg.edu.mn  хаягаар бүртгэнэ. 

 Аймаг, орон нутагт зохион байгуулах элсэлтийн үйл ажиллагааг МИДСК, болон тус сургуулиас хөдөө орон нутагт ажиллаж байгаа төлөөлөгч  зохион байгуулна.

Тус сургууль нь 2016 онд БСШУЯ-наас тогтоосон оюутан элсүүлэх мэргэжлийн чиглэл,  хяналтын тоо болон зарим мэргэжлээр элсэгчдэд үндэсний хэмжээнд тогтоосон босго оноог үндэслэн элсэлтийг зохион байгуулна.

Хоёр. Элсэлтийн комисс, түүний  эрх, үүрэг

 2.1 Сэрүүлэг дээд сургуулийн захирлын тушаалаар томилогдсон  “Элсэлтийн комисс” элсэлтийг зохион байгуулна. 

2.2   Комисс нь дарга, нарийн бичгийн дарга, гишүүдийн бүрэлдэхүүнтэй ажиллана.

2.3  Элсэлтийн комисс үйл ажиллагаандаа Монгол Улс, салбарын хууль, журам, сургуулийн элсэлтийн журмыг удирдлага болгоно. 

2.4 Оюутан элсүүлэх үйл ажиллагаанд ил тод, шударга, хүртээмжтэй, тэгш байдлыг хангаж ажиллана.

2.5  Элсэлтийн комисс нь тус сургуульд элсэх хүсэлтэй иргэний хүсэлтийг хүлээн авч энэхүү журамд нийцүүлэн шийдвэрлэнэ. 

2.6   Элсэгчтэй хийх нэмэлт үйл ажиллагааны зохион байгуулалтуудыг хийж,   элсэгчдийг шалгаруулна.

2.7  Оюутан элсүүлэхтэй холбогдсон маргаан, гомдолыг  тухай бүр шийдвэрлэж, холбогдох эзэнд эргэж мэдээлэх үүрэгтэй.

2.8  2016 оны элсэлт, үйл ажиллагааны зохион байгуулалт, явцтай  холбоотой мэдээлэл, сурталчилгааг үнэн зөв явуулна.

2.9 Элсэлттэй холбоотой тайлан, явцын талаарх мэдээллээр оролцогч талуудыг хангана.

Гурав. Элсэгчдэд тавих нийтлэг болон онцлог шаардлагууд 

3.1 Сэрүүлэг дээд сургууль нь бүрэн дунд ба түүнээс дээш боловсролтой иргэнийг элсүүлнэ. 

Сэрүүлэг дээд сургуулийн өдрийн хөтөлбөрт элсэх бүрэн дунд боловсролтой иргэн элсэгч нь ерөнхий шалгалтыг өгсөн байна. Хөтөлбөр тус бүрээр  шалгалт өгөх хичээлүүдийг хавсралт 2-т заав. 

Бүртгүүлэгч нь Сэрүүлэг дээд сургуульд бүртгүүлэхээсээ өмнө Боловсролын Үнэлгээний Төвийн шалгуулагчийн  цахим буланд нэвтэрч хувийн мэдээлэл болон дүнтэйгээ танилцаж, Ерөнхий Шалгалтын батламжаа гар дээрээ авсан байна. 

Сэрүүлэг дээд сургуульд элсэхийг хүссэн  бүртгүүлэгч нь Ерөнхий Шалгалтанд 50-аас доошгүй хувийн (400) хэмжээст оноо  авч, тус сургуулийн элсэгчид нь тавигдах минимум шаардлагыг хангана. 

Бакалаврын орой, эчнээ хөтөлбөрт элсэгчээс Ерөнхий Шалгалт  өгсөн байхыг шаардахгүй  ба харин бүрэн дунд, түүнээс дээш боловсрол эзэмшсэн байна.

Урьд нь бакалаврын болон дипломын боловсрол эзэмшсэн иргэнийг шалгалтгүй  элсүүлж, сургана.

Сэрүүлэг дээд сургуульд элсэхийг хүссэн гадаадын харъяат иргэдийн асуудлыг тусад нь журмаар зохицуулна. 

Хөнгөлөлттэй нөхцөлөөр элсүүлэх нөхцөлүүд : 4 улирал дараалан А,В үнэлгээтэй суралцсан тохиолдолд голч дүнгээс хамааран тус сургуулийг үүсгэн байгуулагч Жаргал сангийн 50%, 100%-ийн тэтгэлэгээр суралцах боломжтой.

Олон улс болон улс, хот, аймгийн чанартай математик, гадаад хэл, газар зүй, нийгмийн ухаан, монгол хэлний олимпиадад тухайн ондоо оролцож, шагналт байр эзэлсэн элсэгчийн сургалтын төлбөрийг эхний хичээлийн жилд нь 50%-100%

Тухайн мэргэжлийн ерөнхий шалгалтын оноо 600-с дээш тохиолдолд 

сургалтын төлбөрийг 4 жил суралцах хугацаанд 10%

Нэг  гэр бүлээс 2 ба түүнээс дээш суралцаж байгаа нэг суралцагчийн сургалтын төлбөрийг тус сургуульд суралцсан тохиолдолд эхний хичээлийн жилд нь  20% хөнгөлнө.

Сэрүүлэг дээд сургуулийн нэрэмжит олимпиадад 1-р байр эзэлсэн суралцагчийн  4 жилийн, 2 байр 2 жилийн, 3 байр 1 жилийн сургалтын төлбөрөөс 100 % чөлөөлнө.

Олон улсын болон үндэсний  хэмжээний спорт, урлагийн уралдаан, тэмцээнд оролцож, эхний 3 байранд шалгарч байсан элсэгчийн сургалтын төлбөрөөс эхний хичээлийн  жилд нь  20 хувиар чөлөөлнө.

 Элсэгч нь элссэн хичээлийн жилийнхээ сургалтын төлбөрийг  08-р сарын 25-ны дотор сургуулийн дансанд шилжүүлсэн тохиолдолд сургалтын төлбөрийн 5 хувийн хөнгөлөлтийг эдэлнэ.

 Бүтэн өнчин суралцагчийн оюутны дотуур байранд амьдрах төлбөрийг 20 хувь хүртэл хөнгөлнө.

Тус сургуульд элссэн ихэр элсэгч тус бүрийн сургалтын төлбөрийг эхний жилд нь  20 хувиар хөнгөлнө.

Цэргийн алба хаасан элсэгчийн тухайн жилийн сургалтын төлбөрийн 10 хувийг хөнгөлнө.

Сэрүүлэг дээд сургуулийн төгсөгчид боловсролын зэргээ ахиулахаар тус сургуулийн магистрантурт суралцсан тохиолдолд эхний хичээлийн жилийн сургалтын  төлбөрөөс 20 хувийн хөнгөлөлт эдэлнэ.    

 Дөрөв. Элсэлтийн бүртгэл

4.1 Тус сургуульд элсэх шаардлагыг хангаж, суралцах хүсэлтээ гаргасан элсэгчдийг   2016 оны 7 сарын 01-нээс эхлэн 8 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд  бүртгэнэ.

4.2 Тус сургууль дээр өөрийн биеэр ирж бүртгүүлэх элсэгч нь www.seruuleg.edu.mn сайтаас “Элсэгчийн анкет”-ыг татан авч,  өөрийнхөө тухай бүрэн гүйцэд мэдээллийг  бичиж, Сургалтын албанд өөрийн биеэр   ирүүлнэ.

Орон нутгаас тус сургуульд элсэх элсэгч нь их, дээд сургуулийн элсэлтийн комисс болон тухайн аймаг дахь сургуулийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид бүртгүүлнэ.  

Тав . Элсэгчийг  шалгаруулах

 5.5 Сонгон шалгаруулалтыг Сургуулийн захирлын тушаалаар томилогдсон элсэлтийн комисс элсэлтийн үйл ажиллагааг хот, аймаг, орон нутагт зохион байгуулна. 

5.2 Тус сургуульд элсэгч нь энэхүү журмын хавсралт 2-т заасан мэдлэгээ шалгуулсан хичээлүүдийн хүрээнд босго оноог хангасан байна. 

5.3 Элсэгчдийн онооны жагсаалтыг гаргахдаа  ерөнхий шалгалтын үнэлгээн дээр боловсролын үнэмлэх, гэрчилгээний дундаж оноог  харгалзана. 

5.4 Элсэлтийн комисс нийт бүртгүүлэгчдийн онооны жагсаалтыг цахим болон хэвлэмэл  хэлбэрээр   мэдээлнэ.  

 Зургаа. Суралцах эрх олгох
6.1  “Суралцах эрхийн бичиг”  авсан элсэгч нь  8-р сарын 25-30-ны хооронд өөрийн биеэр сургууль дээр ирж бүртгүүлэх ба тус сургуульд суралцах  “Сургалтын гэрээ”-г байгуулна.

6.2  Тус сургуульд элсэгч нь тухай хичээлийн жилдээ нэг хөтөлбөрөөс нөгөө хөтөлбөрт шилжин суралцаж болно. 

6.3 Тус сургуульд суралцах эрхийн бичиг авсан боловч заасан хугацаанд ирж бүртгүүлээгүй элсэгчийг суралцахаас татгалзсан гэж үзнэ.

  Долоо . Оюутан элсүүлэхтэй холбогдсон

маргаан, гомдолыг шийдвэрлэх

 7.1 Элсэлтийн бүртгэл, оюутан элсүүлэхтэй холбоотой иргэний мэдээллийг бичгээр болон тус сургуулийн 367145 утсаар хүлээн авна. 

7.2 Элсэлтийн комисс элсэлттэй холбоотой бүх асуудлыг хариуцан, эцэслэн шийдвэрлэж ажиллана.

7.3 Элсэлтийн комиссын гишүүдийн ажил үүргийн хуваарилалт, элсэлтийн үед баримтлах хэм хэмжээ, дэг журам, элсэгчдийн өргөдөл, гомдлыг барагдуулах, элсэлтийн явцад хяналт тавих зэрэг үйл ажиллагааг ил тод, олон нийтийн хяналтын дор явуулна.

7.4 Элсэлтийн бүртгэлд орох материалыг хуурамчаар бүрдүүлбэл гарах хохирол, хариуцлагыг элсэгч өөрөө бүрэн хариуцна.