Олон улс судлалын дээд сургууль

Оюутан элсүүлэх журам

ОУСДС-ийн Удирдах зөвлөлийн 2016  оны 3 дугаар сарын

 3-ны өдрийн хурлын шийдвэрийн Хавсралт

  ОЛОН УЛС СУДЛАЛЫН ДЭЭД СУРГУУЛИЙН

 ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ

1. Ерөнхий зүйл

1.1. ОУСДС-д 2016-2017 онд оюутан элсүүлэхэд БСШУ-ны сайдын А/79 тоот тушаалаар баталсан оюутан элсүүлэх журам болон энэхүү журмыг баримтална.

1.2. Оюутан элсүүлэх ажлыг тус сургуулийн захиралын тушаалаар баталсан элсэлтийн комисс зохион байгуулна.

1.3. ОУСДС-д элсэхээр бүртгүүлэгч, элсэгч болон элсэлтийн комиссын үйл ажиллагааг энэхүү журмаар зохицуулна.

1.4. Элсэлтийн журам болон элсэлттэй холбогдолтой нэмэлт мэдээллийг /ousds.mn/ цахим хуудсанд байрлуулна.

2. Бакалаврын  мэргэжлийн ангид  бүртгэх, элсүүлэх

2. 1. Бүртгүүлэгч нь  энэ журмын хүснэгт №1-д заасан мэргэжлийн ангиудаас сонгож бүртгүүлнэ.

2.2. Бүртгүүлэгч нь  ОУСДС- элсэхэд өгсөн байх ЕШ-ийн өндөр оноотой хичээлийг өөрөө сонгож бүртгүүлнэ.

2.3. Хяналтын тоонд  багтсан элсэгч зохих шаардлагыг хангасан бол  эхний жил ерөнхий эрдмийн суурь хичээл үзэж судлах бөгөөд дараагийн жил мэргэжлийн ангийг сонгон суралцах боломжтой.

3. Элсэгчдэд тавих шаардлага

3.1. Элсэгч бүрэн дунд боловсрол болон түүнтэй адилтгах боловсрол эзэмшсэн байна.

3.2. Элсэхээр бүртгүүлэгч нь  тус сургуулийн мэргэжлээр элсэхэд шаардлагатай хичээлээр Ерөнхий шалгалт /ЕШ/  өгсөн байна.

3.3. Элсэгч  БШУЯамнаас баталсан 400 –с дээш оноо авсан байна.

3.4. Элсэгчийг сонгосон мэргэжлээрээ өгөх ёстой 2 ЕШ-ийн илүү оноотой хичээлээр дүнг тооцож бүртгэх бөгөөд мэдлэгийн түвшинд  шаардлагатай үед Боловсролын гэрчилгээний голч дүнг  харгалзан үзнэ.

3.5. Тус сургуульд элсэхээр бүртгүүлэгчдийн мэргэжлийн чиглэлээс хамаарч  ЕШ-ийн босго оноо  ялгаатай байна. /ousds.mn сайтаас үзнэ үү/

3.6. Гадаад оронд  ерөнхий  боловсрол эзэмшсэн Монгол улсын иргэн ОУСДС-д  элсэх  хүсэлт гаргахдаа элсэхийг хүсч буй мэргэжлийн чиглэлд өгвөл зохих ЕШ-тай дүйцүүлж болох шалгалтыг гадаад оронд өгсөн тухай  тодорхойлолт бичиг баримтыг хавсаргасан байна.

4. Элсэгчдийг бүртгэх

4.1. Элсэлтийн бүртгэлийг 2016 оны 6 дугаар сарын 20-ноос эхлэн  дараах хэлбэрээр  явуулна.

  • http:ousds.mn хаягаар цахим хэлбэрээр бүртгүүлнэ.
  • ОУСДС дээр өөрийн байранд  бүртгэнэ.

4.2. Элсэгчид бүртгүүлэхдээ дараах материалуудыг  бүрдүүлнэ. Үүнд:

  • Ерөнхий шалгалтын батламж
  • Иргэний үнэмлэх /хуулбар/
  • Бүрэн дунд боловсролын үнэмлэх буюу түүнтэй адилтгах баримт бичиг
  • Суралцагчийн хувийн хэрэг
  • Цээж зураг 4%
  • Бүртгэлийн хураамж

4.3. ОУСДС дээр  биеэр ирж бүртгүүлэх тохиолдолд  тус сургуулийн 20 жилийн үйл ажиллагааны туршлага, мэргэжлийн онцлог, судлах хичээл, цаашдын  зорилтын талаар дэлгэрэнгүй  мэдээллийг авах боломжтой.

4.4. Цахим хэлбэрээр бүртгүүлсэн тохиолдолд  бүртгэлийн хураамжийг цахим хэлбэрээр хийнэ./дэлгэрэнгүйг ousds.mn –ээс харах/

4.5. Гадаад оронд ерөнхий боловсрол эзэмшсэн иргэн  ОУСДС-д элсэхээр бүртгүүлэхдээ бүрэн  дунд боловсролтой дүйцүүлж болох шалгалтыг гадаад оронд өгсөн тодорхойлолтыг хавсаргасан байна.

4.6. ОУСДС-ийн бакалаврын зэргийн мэргэжлийн чиглэлээр  хоёр дахь дээд боловсрол эзэмших хүсэлтэй бол өмнөх дээд боловсрол эзэмшихдээ үзсэн хичээлүүдийн 60 хүртэл багц цагийг шилжүүлэн  тооцуулж суралцах боломжтой.

5. Элсэгчдийг шалгаруулах ба мэдэгдэх

5.1. Тус журмын 2-т заасан шаардлагыг  хангаж бүртгүүлсэн  элсэгчийг БШУ-ны яамнаас өгсөн хяналтын тоонд багтаан мэргэжлийн чиглэлээр нь элсүүлнэ.

5.2. Улс, аймаг, Хотын олимпиадад 1-3 дугаар байрт шалгарсан болон шагналт байр эзэлсэн сурагчийг ОУСДС-д элсэхэд тавигдах шаардлага /ЕШ-ийн оноо/ хангасан тохиолдолд онооны дараалал харгалзахгүй шууд элсүүлнэ.

5.3. Хяналтын тоонд багтсан эсэхийн тухай хариуг элсэгчдийн бүртгэл дууссаны дараа тус сургуулийн /ousds.mn/  сайтад  болон  Олон улс судлалын дээд сургуулийн мэдээллийн самбарт  нэрийг байршуулж мэдэгдэнэ.

5.4. Хэрэв ЕШ-ийн босго оноо хүрэхгүй тохиолдолд дараах мэргэжлүүдээр ур чадварын нэмэлт шалгалт авна. Үүнд: сэтгүүл зүй, гадаад хэл олон улс судлалын  мэргэжлээр элсэгчдээс бичлэгийн ур чадвар, гадаад хэлний шалгалт авч ЕШ-ийн оноон дээр оноог нэмж шалгаруулна.

6. Элсэх эрх олгох

6.1. ОУСДС-д суралцах  шаардлага хангаж хяналтын тоонд багтсан  элсэгчид суралцах “Томилолт” олгоно.

6.2. ОУСДС-д   суралцахаар  тэнцэж  “Томилолт”  авсан  элсэгчийг 2016 оны 8 дугаар   сарын     25-наас 29 - ны хооронд Сургалтын алба бүртгэнэ.

6.3. Энэ хугацаанд бүртгүүлсэн элсэгчдэд ОУСДС-д суралцах эрхийн бичиг олгоно. Эрхийн бичиг авахад дараах материалыг  эх хувиар нь  бүрдүүлсэн байна. Үүнд:

  • Бүрэн дунд боловсролын  гэрчилгээ, түүнтэй адилтгах  бичиг баримт
  • Сурагчийн хувийн хэрэг
  • Ерөнхий шалгалтын батламж
  • Иргэний үнэмлэх /хуулбар/
  • 4х3 хэмжээтэй цээж зураг 3 хувь

Эдгээр материалыг битүүмжлэл сайтай хавтсанд хийсэн байна.

6.4. Эрхийн бичгийг авахад эхний улирлын сургалтын хураамж болон багц цагийн төлбөрийг  төлсөн байх    шаардлагатай.

6.5. БШУ-ны яамны эрхийн бичгийг авсан элсэгчийг оюутнаар тооцож Захирлын тушаал гарна.

6.6. Суралцах эрхийн бичгээ аваагүй тохиолдолд элсээгүйд тооцно.

6.7. Хүндэтгэх шалтгааны улмаас суралцах эрхийн бичгээ аваагүй болон мэргэжлийн чиглэлээ солих зэрэг бусад асуудлыг Сургуулийн захиргаанаас томилсон Элсэлтийн комисс тухай бүр нь шийдвэрлэнэ.

7. Оюутанд үзүүлэх хөнгөлөлт урамшуулал

7.1. Жил бүр 5, 6 дугаар саруудад ирэх хичээлийн жилийн сургалтын төлбөрөөс нь тодорхой хувиар  хөнгөлөлт үзүүлдэг.

7.2. Үүсгэн байгуулагчийн  дэмжлэгээр жил бүр сурлагын өндөр амжилт гаргасан  оюутнуудад сургалтын төлбөрийн  хөнгөлөлт үзүүлнэ. /Журмын дагуу/ Хөнгөлөлтийн хэмжээг тухайн жилд нь зарлана.

7.3. Шинээр элсэгчдийн сургалтын төлбөрийг мэргэжлийн ангиас нь хамаарч 200 хүртэлх мянган төгрөгөөр хөнгөлдөг.

7.4. Оюутан 4 улирал дараалан  А үнэлгээтэй суралцаж, олон нийтийн ажилд идэвхи санаачлагатай оролцсон  тохиолдолд тухайн улиралд төлбөрийн 50%-ийн хөнгөлөлт үзүүлнэ.

7.5. Оюутны холбоо оюутны зөвлөлийн идэвхтэн, сургуулиас зохиогдсон олон нийтийн идэвхтэй  оролцсон оюутнуудад ажлын үр дүнг харгалзан дараа улирлын сургалтын төлбөрийг 20 хүртэлх хувь хөнгөлдөг.

7.6.  Төрөөс үзүүлдэг хөнгөлөлтүүд буюу Сургалтын төрийн сангийн   буцалтгүй тусламж, зээлэнд бүрэн хамрагддаг. Үүнд:

  • Үндэсний тэтгэлэг
  • Бүтэн өнчин суралцагчийн сургалтын төлбөрийг төрөөс бүрэн хариуцна
  • Хөдөө орон нутгаас /500 км-ээс хол  газраас/ ирж суралцагчдын өвлийн амралтын замын зардал
  • Сургалтын төлбөрийн болон амьжиргааны зардлын  зээл хөтөлбөрт хамрагдана.  

7.7.  Мөн гадаадын болон дотоодын улс, олон нийтийн  байгууллага, сангуудаас олгогдох тэтгэлэгт хамрагдах боломжтой. Үүнд:

  • МУ-ын Ерөнхийлөгчийн нэрэмжит  тэтгэлэг
  • МУ-ын Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг
  • Оюу толгой компаний тэтгэлэг
  • Азийн сангийн тэтгэлэг
  • Зориг сангийн тэтгэлэг
  • ХААН банкны нэрэмжит тэтгэлэг
  • Голомт банкны тэтгэлэг
  • Сүхбаатар дүүргийн шилдэг оюутан
  • Хас банкны  тэтгэлэг … зэрэг болно.

8. Баклаврын  зэргийн дараах  сургалтын хөтөлбөр

Тус сургуулийн төгсөгчид бакалаврын зэргийн сургалтаа амжилттай дуусгасны дараа үргэлжлүүлэн магистрантурт дэвшин суралцах боломжтой.

8.1. ОУСДС нь Олон улсын харилцаа, Олон улсын харилцааны эдийн засаг, Олон улсын худалдааны менежментийн чиглэлээр  магистрын  сургалтад элсүүлнэ.

8.2. Тус сургуулийн төгсөгчдийг  бакалаврын зэргийн дараах хөтөлбөрт буюу магистрын сургалтанд  зуучлан явуулахад дэмжлэг үзүүлж эрдэмтэн, доктор профессор багш нарын  тодорхойлолт буюу Letter of Recommendation  гаргаж өгнө.  

9. Бусад.

9.1. Элсэлтийг цахим хэлбэрээр явуулахад  зориулсан цахим хуудас ousds.mn нь   бүтэн жилийн  турш тогтмол ажиллагаатай байж элсэлтийн талаарх мэдээллээр бүртгүүлэгчдийг хангана.

9.2. Элсэх эрх авсан    боловч заасан хугацаанд ирж суралцаагүй тохиолдолд  элсэх эрхийн бичгийг хүчингүйд тооцно.

9.3. Элсэгч элсэх эрхийн  бичгийг хүчингүй болгуулсан тохиолдолд нэг багц цагийн  үнэлгээний хэмжээний төлбөр төлнө.

9.4. Элсэлттэй холбоотой бичиг  баримтыг хуурамчаар үйлдсэн бол ОУСДС-д элсүүлэхгүй, хуурамч бичиг баримтаар элссэн нь тогтоогдсон тохиолдолд хасах болно.