Чингис хаан дээд сургууль

Олон улсын харилцаа

Хөтөлбөрийн танилцуулга 

Хөтөлбөрийн нэр: Олон улсын харилцаа                      Индекс D022204

Хөтөлбөрийн тодорхойлолт:

"Олон улсын харилцаа" чиглэлийн бакалаврын хөтөлбөр нь Монгол улсын гадаад бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэх, олон улсын харилцааны үйл явцад дүн шинжилгээ, үнэлэлт дүгнэлт өгч чадахуйц мэдлэг  чадвартай, олон улсын улс төр, эдийн засаг, эрх зүйн харилцааны чиглэлээр мэргэшсэн, гадаад хэлний өндөр мэдлэг эзэмшсэн, мэргэжлийнхээ дагуу төрийн болон төрийн бус байгууллагуудад ажиллах, улсын болон хувийн хэвшлүүдэд хөдөлмөр эрхлэх ажиллах зорилгоор бэлтгэх чадвар эзэмшүүлэхэд чиглэгдэнэ.

Хөтөлбөрийн үндэслэл:

2010 онд батлагдсан Монгол улсын Гадаад Бодлогын Үзэл Баримтлалд "...Олон улсын харилцаа өнгөрсөн зууны сүүлийн хагасын хоёр туйлт үеийнхээс эрс өөрчлөгдөж, хөгжлийн шинэ томоохон төвүүд тодорч, олон улсын харилцаанд тэдгээрийн үзүүлэх нөлөө өсөх хандлагатай байна...Монгол улс нөөц баялгаа ашиглан эдийн засгийн чадавхаа өсгөх, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх, хүн амын амьжиргааг дээшлүүлэх эрчимтэй хөгжлийн замд орж байна. Дэлхий нийтийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд Монгол улсын оруулж ирсэн хувь нэмрийг улам өсгөх... шаардлага гарч байна." гэж заасантай холбоотойгоор Монгол улсын гадаад бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэх, олон улсын харилцааны үйл явцад дүн шинжилгээ, үнэлэлт дүгнэлт өгч чадахуйц мэдлэг, дадал, чадвартай боловсон хүчин нийгэмд хэрэгцээтэй болсныг үндэслэн тус хөтөлбөрийг боловсруулав.

Хөтөлбөрийн зорилго:

Олон улсын харилцааны субъектүүд хоорондын улс төр, эдийн засаг, эрх зүй, дипломат болон бусад харилцаа холбоог судлах, олон улсын харилцаанд эзлэх байр суурийг  тодорхойлж сургах, Монгол улсын гадаад бодлого, гадаад харилцаа болон олон улсын харилцааны үйл явдалд задлан шинжилгээ хийж, үнэлэлт өгч чадахуйц, улс төр, эдийн засаг, эрх зүйн харилцааны чиглэлээр мэргэшсэн, монгол хэл, эх бичгийн болон гадаад хэлний гүнзгий мэдлэгтэй мэргэжилтэн бэлтгэхэд оршино.

Сургалтын арга зүй:

Олон улсын харилцаа хөтөлбөрт орсон мэргэжлийн суурь болон мэргэшүүлэх  хичээлүүд нь долоо хоногт лекц, семинар гэсэн хэлбэрээр явагдана. Лекцийг заахдаа онолын үндсэн мэдлэгийг өгөхийн сацуу холбогдох асуудлаар үнэлэлт, дүгнэлт хийнэ. Семинарын хичээлийг мэргэжлийн суурь болон мэргэшүүлэх хичээлийн онцлогоос шалтгаалан өөр өөр арга барилаар орно. Тухайлбал, эрх зүйн баримт бичгүүдэд дүн шинжилгээ хийх, судалгаа хийх зэрэг хэлбэрүүдээр заана.

Суралцах орчин:

Сургалтын байгууллага нь эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлага хангасан, сургалтын төлөвлөгөөний дагуу явагдах бүх хэлбэрийн хичээлийг явуулах боломжийг бүрэн хангасан барилга байгууламж, техник хэрэгсэл, тоног төхөөрөмжтэй байна.

Олон улсын харилцааны бакалаврын зэрэг эзэмшүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан хичээлүүдийг оюутны бие даасан сургалтаар гүнзгийрүүлэн судлах шаардлагатай мэдээллийн эх сурвалж, ном сурах бичиг, эрх зүйн баримт бичиг, мэргэжлийн холбогдолтой сэтгүүлүүдийг хүрэлцэхүйц хэмжээгээр бүрдүүлсэн байна.

Ном сурах бичиг нь орчин үеийн байна. Мэргэжлийн сурах бичиг 3 оюутан тутамд 2-оос доошгүй оногдохоор байна. 

Сургуулийн бүх оюутан багш нарын 15 хувиас доошгүй хувьд хүрэх суудал бүхий уншлагын заалтай байна.

Тухайн мэргэжлийн чиглэлийн 3-аас доошгүй гадаад, дотоодын тогтмол хэвлэл захиалж суралцагчид, багш нарт үйлчилнэ.

Багшид тавих шаардлага:

Багш нар нь тоо, чанарын хувьд дээд боловсролын байгууллагын эрхэм зорилго, зорилтуудыг хэрэгжүүлэхэд оногдох үүргээ биелүүлэхүйц байна.

"Олон улсын харилцаа" чиглэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх багш нар нь заах хичээлийн чиглэлд тохирох суурь боловсрол эзэмшсэн байна.

Мэргэжлийн хичээл заах багш нар тухайн чиглэлээр магистраас доошгүй зэрэгтэй байна.

Нийт багш нарын 75-аас доошгүй хувь нь үндсэн багш байна.

Багшийг хөгжүүлэх төлөвлөгөө сургалтын байгууллагын үр ашигтай үйл ажиллагаанд гол үүрэг гүйцэтгэнэ.

Багш нь зааж буй хичээлийнхээ сэдвийн чиглэлээр эрдэм судлалын ажил хийдэг байхыг шаардана.

Суралцах үйлийг үр дүнтэй удирдах технологи арга зүйг эзэмшсэн байх.

Төгсөгчдийн эзэмших ур чадвар:

Хувь хүний болон мэргэжлийн ур чадвар, дадал, төлөвшил

Монгол хэл, эх бичгийн гүнзгий мэдлэгтэй /монгол хэл, бичгийн мэргэжлээр ном, эх сурвалж ашиглах, өөрөө бичих өндөр чадвартай/

Англи хэлний үгсийн сан, найруулга зүйн өндөр мэдлэгтэй байна.

Мэдээлэл зүй ба компьютерийн хэрэглээний программ дээр ажиллах чадвартай байна.

Харилцааны ёс зүйг өндөр түвшинд эзэмшсэн, харилцааны сэтгэл зүйн мэдлэгтэй байна.

Албан хэргийг боловсруулах дадал, чадвартай байх

Баг хамт олноор ажиллаж чаддаг байна.

Оновчтой шийдвэр гаргах чадвартай байна.

Төгсөгч нь дор дурьдсан мэдлэг эзэмшсэн байна. Үүнд:

Хүмүүнлэгийн болон нийгэм, эдий засгийн шинжлэх ухааны үндсэн сургаалуудтай танилцсан, нийгмийн шинжтэй үйл явдал, асуудлыг шинжлэх ухаанчаар задлан шинжлэх чадвартай, эдгээр аргуудыг мэргэжлийн болон нийгмийн янз бүрийн хэлбэрийн үйл ажиллагаанд хэрэглэж чаддаг байх;

Байгаль, нийгэм, хүний хоорондын харьцааг зохицуулдаг ёс зүй, эрх зүйн хэм хэмжээг мэддэг, энэ мэдлэгээ амьдрал, үйл ажиллагаандаа харгалзах чадвартай байх;

Наад зах нь нэг гадаад хэлийг өдөр тутмын болон мэргэжлийн ажиллагаандаа ашиглах чадвартай байх;

Эрүүл аж төрөх ёсны талаар шинжлэх ухааны төсөөлөлтэй болслон, өөрийн бие бялдрыг хөгжүүлэх чадвар, дадлыг эзэмшсэн байх;

Иргэний ардчилсан ёсны суурийг бүрдүүлэгч үнэт зүйлийг мэддэг, бусад үндэстэн, бүс нутаг, өөрийн улс орны түүх, соёлын өвийг олон урьгалч агуулгаар, тайлбарлах, баяжуулах чадвартай, эх оронч үзэлтэй, хүмүүнлэг ёсыг дээдлэн сахидаг байх;

Багаар хоршин ажиллахад бэлэн, өөрийн хөдөлмөрийг шинжлэх ухааны үндэслэлтэй зохион байгуулдаг, харилцааны соёлтой, монгол утга зохиолоо найруулан бичих, илтгэх, зөрчилтэй нөхцөлд бусдын үзэл бодлыг хүндэтгэн зөвшилцөж, удирдлагын оновчтой шийдвэр гаргах, өөртөө болон бусдын өмнө хариуцлага хүлээх чадвартай байх;

Өөрийн боломждоо анализ хийх, орчин үеийн мэдээллийн технологийг ашиглан шинэ мэдлэг олж авах, бүтээлчээр тасралтгүй бие даан суралцах чадвартай байх;

Мэргэжлийн үүргээ биелүүлэхтэй холбоотой зорилгыг тавих, зорилтуудыг тодорхойлох  чадвартай, тэдгээрийг шийдвэрлэхэд судалсан шинжлэх ухааны аргуудыг ашиглаж чаддаг байх зэрэг болно.

Төгсөгч нь дараах чадвар эзэмшсэн байна.

Өөрийн эзэмшсэн мэргэжлээрээ гүйцэтгэсэн их, бага хэмжээний судалгааны ажлыг монгол хэлээр мэргэжлийн нэр томъёог чадварлаг ашиглан бичиж боловсруулах;

Эх хэл дээрх мэргэжлийн ном зохиол, сурвалж бичиг ашиглах, эрдэм шинжилгээний эх сурвалж цуглуулах, бие даан боловсруулах;

Шинийг эрэлхийлэх, асуудал шийдвэрлэх чадвар /мэргэжилтэй холбоотой асуудлыг тодорхойлж, шинэ санаа гаргах, боломжит хувилбарыг сонгож, илэрхийлэн харуулах чадвар эзэмшсэн байна/;

Англи хэл дээр мэргэжлийн ном зохиол, сурвалж бичиг ашиглах;

Мэргэжлийн дагуу үйл ажиллагаа зохион байгуулах, удирдан зохион байгуулах тодорхой чадвартай байх;

Англи хэлээр унших, бичих, орчуулга хийх чадвартай байх;

Мэргэжлийн ёс зүйтэй, хариуцлагатай, чадвартай, өөрийгөө хөгжүүлэн мэргэжлээ дээшлүүлэх чадвар зэрэг болно.

Ажлын байр:

Төрийн байгууллагуудад Гадаад харилцааны ажилтан

Төрийн бус байгууллагуудад Гадаад харилцааны ажил хариуцсан менежер

Мэргэжлийн чиглэлийн багш

Мэргэжлийн чиглэлийн судлаач