Олон улсын эдийн засаг бизнесийн дээд с'>

Олон улсын эдийн засаг бизнесийн дээд сургууль

Элсэлтийн журам

ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН ДЭЭД СУРГУУЛЬД

2016-2017 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД

ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ

 Нэг: Ерөнхий зүйл

1.1     2016-2017 оны хичээлийн жилд Олон Улсын Эдийн Засаг Бизнесийн Дээд Сургууль /ОУЭЗБДС/-д оюутан элсүүлэх ажлыг БШУ-ы Сайдын 2013 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн A/79 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Оюутан элсүүлэх журам” болон БШУ-ы сайдын 2014/143 тушаалыг тус тус үндэслэн боловсруулсан энэхүү журмыг баримтлан үе шаттайгаар зохион байгуулна.

1.2     Элсэлтийн үйл ажиллагааг ОУЭЗБДС-ийн захирлын тушаалаар батлагдсан Элсэлтийн комисс удирдан зохион байгуулна.

1.3     Элсэлтийн комиссын гишүүдийн ажил үүргийн хуваарилалт, элсэлтийн үед баримтлах хэм хэмжээ, элсэгчдийн өргөдөл, хүсэлт барагдуулалт болон  элсэлтийн үйл явц түүнд тавигдах хяналт зэрэг үйл ажиллагааг элсэлтийн комисс зохион байгуулж, ил тод, шударга, хүртээмжтэй, тэгш байх нөхцлийг бүрдүүлж ажиллана.

1.4     Элсэгчдийн сурах ерөнхий чадвар, мэдлэгийн түвшин тогтоох зорилго бүхий Ерөнхий шалгалтыг Боловсрол, соёл шинжлэх ухааны яамнаас эрх олгосон хөндлөнгийн байгууллага зохион байгуулах бөгөөд уг байгууллага нь шалгалтын асуулт боловсруулах, олшруулах, нууцлалыг хадгалах, зохион байгуулах, оноог иргэдэд болон сургуульд мэдэгдэх, шалгалттай холбоотой бүхий л мэдээллээр хангах зэрэг үүргийг хүлээнэ.

1.5. ОУЭЗБДС-д элсүүлэх оюутны  хяналтын тоог БСШУЯ тогтооно.

1.6. Энэхүү журам болон элсэлтийн ажлын зохион байгуулалттай холбоотой нэмэлт мэдээллийг ОУЭЗБДС-ийн www.iieb.mn гэсэн вэб хуудсанд байрлуулсан болно.

Хоёр: Элсэгчдэд тавигдах нийтлэг шаардлага

2.1. ОУЭЗБДС-д элсэхийг хүсэгчид бүрэн дунд буюу түүнээс дээш боловсрол эзэмшсэн байна.

2.2. Хөдөө аймгаас элсэхийг хүсэгчид МИДСК-ын элсэлтийн журмын дагуу заасан хугацаанд 

        холбогдох материалыг бүрдүүлнэ.

2.3. ОУЭЗБДС-д элсэхийг хүсэгч нь Боловсролын Үнэлгээний төвөөс зохион байгуулсан Монгол хэл, бичгийн шалгалтыг өгсөн байна.

2.4. ОУЭЗБДС-д элсэгч нь элсэхийг хүссэн хөтөлбөр, мэргэжил, бүлэгт харгалзах шаардлагатай  хичээлээр Боловсролын Үнэлгээний төвөөс зохион байгуулсан Ерөнхий шалгалт өгсөн байна.

2.5. ОУЭЗБДС-д элсэхийг хүсэгч нь Ерөнхий шалгалтанд аль нэг хичээлээр 400 буюу түүнээс дээш оноо авсан байна.

2.6. Тус сургуульд элсэхэд эрүүл мэндийн хувьд хориглох зүйлгүй байна.

2.7. Урьд  нь дээд болон тусгай дунд, бүрэн дунд боловсрол эзэмшсэн хүнийг холбогдох  мэргэжлээр бакалаврын зэрэг олгох эчнээ хэлбэрийн сургалтанд зохих хууль тогтоомжийн дагуу элсүүлж суралцуулна.

Гурав: Оюутан элсүүлэх хөтөлбөр, мэргэжлийн чиглэл, сургуулийн онцлог

3.1. 2016-2017 оны хичээлийн жилд ОУЭЗБДС нь дараах хөтөлбөр, мэргэжлүүдээр оюутан элсүүлэх бөгөөд ийнхүү элсүүлэхдээ тухайн элсэгчээс өгсөн Ерөнхий шалгалтын дүнг харгалзан баримтална. Үүнд:

3.2. Сургуулийн онцлог, сургалтын чиглэл зэргээс өөрсдийн мэргэжлийг сонгон авна. Чингэхдээ элсэгчид сургуулийн дор дурдсан онцлог болон нөхцөл байдлыг харгалзан үзэх учиртай. Үүнд: ОУЭЗБДС  нь олон улсын эдийн засаг, бизнесийн  чиглэлээр  дагнан мэргэшсэн  Монгол  улс дахь анхны  дээд сургууль учраас дэлхийн болон олон улсын эдийн засаг, олон улсын бизнес, эрх зүй, олон улсын худалдаа,  валют санхүүгийн тогтолцоо, олон улсын банк, санхүүгийн харилцаа, гадаадын хөрөнгө оруулалт, зээл тусламж, олон улсын гааль, татвар, нягтлан бодох бүртгэл, олон улсын аялал жуулчлалын хичээлүүдийг хөтөлбөртөө оруулан, сургалт явуулж онол дадлагыг нягт уялдуулсан гүнзгий мэдлэг чадварыг оюутнуудад олгодгоороо онцлогтой.

  • Англи, Япон хэл, компьютерийн мэдлэг, дадлагыг бүтэн 4 жилийн сургалтаар олгодог.
  • Дийлэнх хөтөлбөрөөрөө хос мэргэжил эзэмшүүлдэг.
  • 220 гаруй компьютер бүхий 6 лаборатори, түүнчлэн нягтлан бодох бүртгэлийн Impact програмын лабораторитой.
  • Сургуулийн орчинд интернетийн wireless сүлжээтэй.
  • Уул уурхайн орчин үеийн цахилгаан механикийн лаборатори, 5  кабинеттай.
  • Оюутнуудад зориулсан өөрийн дотуур байртай.
  • Хүлээн авагч талын зардлаар гадаад оронд дадлага хийлгэдэг. Сүүлийн жилүүдэд манай сургууль 50 шахам оюутныг Япон  улсад дадлага хийлгээд байгаа болно.
  • Сургалтын төлбөр харьцангуй хямд .
  • Гадаад харилцаа, хамтын ажиллагаа сайтай.

Дөрөв: Элсэхийг хүсэгчдийг бүртгэх

 4.1. ОУЭЗБДС-д элсэхийг хүсэгчдийн бүртгэлийг 2015 оны 06 дугаар сарын 22-ны Даваа гарагаас эхлэн 2015 оны 07 дугаар сарын 10-ны Баасан гараг дуустал явуулж, тэнцсэн элсэгчдэд тухай бүрт нь хариу өгч, суралцах эрхийн бичгийг олгоно. Улаанбаатар хотоос элсэгчдийн хүсэлт, өргөдлийг сургуулийн төв байранд хүлээн авах бөгөөд шаардлагатай тохиолдолд нийслэл дэх боловсролын төвүүд дээр мөн авч болно.

4.2. Хөдөө орон нутгаас элсэгчдийн хувьд сургуулийн элсэгчдийн бүртгэл болон хуваарь сонголтыг “Монголын их, дээд сургуулиудын консорциумын гишүүн их, дээд сургууль, коллежид аймаг орон нутгаас оюутан элсүүлэх журам”-ыг баримтлан, МИДСК-аас томилогдсон Элсэлтийн комисс болон сургуулиас томилогдсон элсэлтийн төлөөлөгч зохион байгуулна.

4.3. Элсэхийг хүсэгч нь өргөдөл бичих шаардлагатай бөгөөд Ерөнхий шалгалтыг тухайн хичээлээр хэдэн оноотой өгсөн болон ОУЭЗБДС-д ямар мэргэжлээр суралцах зэргээ тодорхой бичиж гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

4.4. Элсэхийг хүсэгч  нь ОУЭЗБДС-ийн хэд хэдэн мэргэжлээр элсэх өргөдөл өгч болно.

4.5. Элсэхийг хүссэн элсэгчид бүртгүүлэхдээ дараах материалыг бүрдүүлсэн байна. Үүнд:

  • Өөрийн гараар бичсэн өргөдөл
  • Монгол хэл,бичгийн эрхийн бичиг /эх хувь/
  • Ерөнхий шалгалтын батламж /эх хувь/
  • Боловсролын үнэмлэх, гэрчилгээ, диплом /эх хувь/
  • Суралцагчийн хувийн хэрэг /эх хувь/
  • Иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах бичиг баримт /эх хувь/
  • Элсэхийг хүсч байгаа чиглэлээрээ уралдаан тэмцээн, олимпиад зэрэгт үзүүлсэн амжилтын тухай материал зэргийг бүрдүүлж өгсөн байна.

4.6. Элсэлтийн үйл ажиллагаа тус сургуульд хуваарилсан хяналтын тоо дууссанаар өндөрлөнө.

Тав: Элсэгчдийг шалгаруулах ба хөтөлбөр сонгох

5.1. Элсэхийг хүсэгчдийн  Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон сурч боловсрох эрхийг хүндэтгэж Ерөнхий шалгалт өгсөн тохиолдолд ОУЭЗБДС-д элсэх хүсэлтийг хүлээн авна. Гагцхүү тус сургуулийн элсэлтийн комисс элсэхийг хүсч өргөдлөө ирүүлсэн хүмүүсийн бичиг баримт материалтай танилцаж, элсэгчдийн Ерөнхий шалгалтын дүн, ерөнхий боловсролын дунд сургуулийн гэрчилгээний голч дүнг харгалзан, хяналтын тоонд багтаан сонгон шалгаруулалт хийж элсүүлнэ.

5.2. Шалгуулагчдыг нийслэл, аймаг тус бүрээр холбогдох хөтөлбөр, мэргэжлийн чиглэлээр бүлэг болгон шалгаруулалтын нийт оноогоор жагсааж, онооны дарааллаар батлагдсан хяналтын тоонд багтаан элсүүлнэ.

5.3. Шалгалтын оноо тэнцсэн тохиолдолд боловсролын үнэмлэхэнд бичигдсэн хичээлүүдийн дүнгийн дундажийг харьцуулан шийдвэрлэнэ.

5.4. Аймгуудад оногдсон тус сургуулийн хөтөлбөр, мэргэжлүүдээр оюутан элсүүлэх хяналтын тоонд багтсан хүмүүсийн мэргэжил сонгуулалтыг өргөдөл хүлээж авснаар хийж эхэлнэ.

5.5.  Шалгаруулалт хийж  тэнцсэн хүмүүсийн нэрсийг тухай бүр мэдээлнэ.

Зургаа: Элсэлттэй холбогдсон маргаан шийдвэрлэх

6.1. Элсэлттэй холбоотой гарсан өргөдөл, маргаан, гомдол, санал хүсэлтийг Элсэлтийн комисс хүлээн авч, 3 хоногийн дотор шийдвэрлэнэ.

6.2. Элсэлтийн комисс нь тухайн элсэгчийн санал гомдлыг хүлээн авч 3-5 хүний бүрэлдэхүүнтэй тухайн мэргэжлийн салбарын хүмүүсээс бүрдсэн баг гаргаж, маргааныг шийдвэрлэнэ.

6.3. Ерөнхий шалгалттай холбоотой маргааныг элсэлтийн шалгаруулалтын явцад  шийдвэрлэхгүй бөгөөд ийм маргааныг тус сургууль, Элсэлтийн комисс хариуцахгүй болно.

Долоо: Хөнгөлттэй нөхцлөөр элсүүлэх

7.1. ОУЭЗБДС-д элсэхийг хүссэн иргэнд суралцах хөтөлбөр, мэргэжлийн чиглэлээрээ улсын болон олон улсын чанартай уралдаан, олимпиадад 1-10 дугаар байр эзэлсэн болон ЕШ-ын Үндэсний хэмжээний босгыг хангасан тохиолдолд Элсэлтийн комиссын шийдвэрээр чиглэлийн дагуу элсүүлнэ.

7.2. Урлаг спортын гоц авьяастай, улс болон олон улсын хэмжээний уралдаан тэмцээнд эхний 1-5 дугаар байранд шалгарагсдыг ЕШ-ын Үндэсний хэмжээний босгыг хангасан бол Элсэлтийн комиссын шийдвэрээр сонирхсон хөтөлбөр, мэргэжлээр элсүүлэн суралцуулна.

7.3. Ерөнхий боловсролын сургуулийг А үнэлгээтэй төгссөн, ЕШ-ын Үндэсний хэмжээний босгыг хангасан бол мөн Элсэлтийн комиссын шийдвэрээр урилгаар элсүүлнэ.

7.4. Хөнгөлөлттэй нөхцөлөөр элсэхийг хүсэгчид өргөдөл болон анкет, нотлох баримт бичгүүдээ бүрдүүлэн хүсэлтээ Элсэлтийн комисст тавина.

Найм: Элсэгчдийг бүртгэх

8.1. Элсэлтийн  шалгаруулалтад тэнцсэн элсэгчдийг 2015 оны  08 дугаар сарын 24-30-ны хооронд дэлгэрэнгүй бүртгэлд хамруулах болно.

8.2. Элсэгч дэлгэрэнгүй бүртгэлд хамрагдахдаа дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:

  • Иргэний үнэмлэх /хуулбар/
  • Сургуулийн тодорхойлолт
  • Суралцах эрхийн бичиг /эх хувь/
  • 3х4 хэмжээний 4 % цээж зураг
  • Суурь боловсролын гэрчилгээ /эх хувь/
  • Сургалтын төлбөр төлсөн баримт /эх хувь/
  • Төрийн сангийн зээл, буцалтгүй тусламжаар суралцах бол холбогдох материал бүрдүүлнэ.

8.3. Дурьдсан хугацаанд ирж дэлгэрэнгүй бүртгэлд хамрагдаагүй болон бүртгүүлэх боломжгүй тохиолдолд хүндэтгэх шалтгаанаа урьдчилан мэдэгдээгүй элсэгчийн суралцах эрхийг цуцалж, баримт бичгийг холбогдох журмын дагуу буцаан олгоно.

8.4. Элсэлтийн материалыг хуурамчаар бүрдүүлсэнтэй холбогдон гарах хариуцлагыг элсэгч өөрөө хүлээнэ.