Үндэсний техникийн их сургууль

ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ
Нэг. Ерөнхий зүйл
Энэхүү журмын зорилго нь Үндэсний Техникийн Дээд Сургууль /ҮТДС/-д оюутан элсүүлэхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино.
Энэхүү журмыг боловсруулахдаа БШУЯ-ны “Мэргэжлийн сургуулийн элсэлтийн үлгэрчилсэн дүрэм”-ыг үндэслэсэн болно.
Тус  сургууль орон нутгаас оюутан элсүүлэхдээ МИДСК-ийн элсэлтийн журмыг баримтлах бөгөөд Улаанбаатар хотоос элсэгчдийг элсэлтийн комисс зохион байгуулна. ҮТДС-ийн элсэлтийн комиссыг Захирлын тушаалаар томилон ажиллуулна.
ҮТДС-ийн элсэлтийн шалгалтын комисс нь БСШУЯ-ны сайдын А/79 тоот тушаалаар баталсан “Оюутан элсүүлэх журам”-ыг үйл ажиллагаандаа баримтлан ажиллана.
Элсэлтийн комиссын гишүүдийн ажил үүргийн хуваарилалт, оюутан элсүүлэх арга ажиллагаа, элсэлтийн үед баримтлах дэг журам, элсэгчдийн материалыг шалгах болон өргөдөл гомдлыг барагдуулах, элсэлтийн явцад хяналт тавих зэрэг үйл ажиллагааг энэхүү комисс зохицуулах болно.
Тус сургуульд оюутан элсүүлэхдээ элсэгчдийн мэргэжлийн чиг баримжаагаа сонгосон итгэл сонирхлыг үндэслэн элсэлтийн ерөнхий шалгалтанд авсан оноог харгалзан БШУЯ-аас баталсан хяналтын тоонд багтаан оюутан элсүүлнэ.
Элсэлтийн шалгаруулалтыг сургуулийн захирлын тушаалаар батласан комисс зохион байгуулах бөгөөд элсэлтийн ажлын зохион байгуулалт, сургуультай холбоотой нэмэлт мэдээллийг www.utis.education.mn Боловсролын үнэлгээний төвийн www.eec.mn вэб сайтуудад байрлуулсан болно.
Хоёр. Элсэгчдэд тавигдах шаардлага
Үндэсний Техникийн Дээд Сургуульд элсэгч нь бүрэн дунд боловсрол болон түүнээс дээш шатны боловсрол эзэмшсэн байвал зохино.
Үндэсний Техникийн Дээд Сургуульд элсэлтийн ерөнхий шалгалтанд 400 болон түүнээс дээш оноог авсан байх.
Оройн ангид элсэн суралцахыг хүсэгчдэд их, дээд сургууль, коллеж төгссөн байх шаардлага тавигдах бөгөөд ЭЕШ өгөх албагүй.
Бакалаврын болон дипломын боловсрол эзэмшсэн элсэгчдийн боловсролын дипломын дүн, мэргэжлээрээ ажилласан жилийг үндэслэн өмнөх боловсролын дипломын багц цагийг тооцон суралцах мэргэжлийг тохирох дамжаанд сургах асуудлыг элсэлтийн комиссын саналыг үндэслэн захирлын тушаалаар баталгаажуулна.
Их дээд сургууль, коллеж төгсөгчдийг Элсэлтийн ерөнхий шалгалтын оноо харгалзахгүй оройн ангид элсүүлэн суралцуулах асуудлыг комисс шийдэх ба тэдгээр элсэгчдийн судалсан кредит цагийг дүйцүүлэх ажлыг Сургуулийн захиргаа хариуцан зохион байгуулж захирлын тушаалаар баталгаажуулна.
Гурав. Оюутан элсүүлэхтэй холбогдсон маргаан шийдвэрлэх
Шалгалтын явцад журам зөрчсөн асуудал гарвал элсэгч өөрийн өргөдөл гомдлыг элсэлтийн шалгалтын коммист гаргана.
Элсэлтийн ерөнхий шалгалттай холбоотой асуудлыг тус сургууль болон элсэлтийн шалгалтын комисс хариуцахгүй болно.
Оюутан элсүүлэх үйл ажиллагааг зохион байгуулахдаа ил тод үйл ажиллагааг хангах үүднээс эцэг, эхийн төлөөлөгч болон оюутны байгууллагын төлөөллийг хөндлөнгийн хяналтаар ажиллуулна.
Элсэгчдийн бүртгэл, бүрдүүлэх материал хугацаа
Шалгуулагчдыг бүртгэх
Шалгуулагчыг аймаг, орон нутагт 2014.06.26- 07.08 –нд Улаанбаатар хотод 2014.06.13 – 2014.07.08 –ны өдрүүдэд бүртгэнэ.
Бүртгүүлэхдээ дараах материалыг бүрдүүлсэн байна.
Үүнд:
Элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн батламж бичиг
Иргэний үнэмлэх
Цээж зураг 2 хувь
Шалгалтын хураамж -5000
Шалгуулагч өөрийн биеэр ирж элсэлтийн комисст бүртгүүлнэ.
Элсэлттэй холбоотой хуурамч бичиг баримт бүрдүүлсэнтэй холбогдон гарах хариуцлагыг шалгуулагч өөрөө хүлээнэ:
Шалгалт авах, элсүүлэх
Шалгуулагчдыг ЭЕШ-нд 400 түүнээс дээш оноотой бол шууд, доош оноотой бол элсэх мэргэжлийн чиглэлээр бүлэг болгон, шалгалтыг тестээр авч, ЭЕШ-ийн оноон дээр боловсролын гэрчилгээ, эсвэл дипломын дүнгийн дундажийг нэмсэн нийт онооны дарааллаар жагсааж хяналтын тоог баримтлан мэргэжил сонгуулна.
Хяналтын тоонд багтаан намрын элсэлтийг дахин зарлаж элсэлт авч болно.
Боловсролын тухай хуулийн 40.7, БШУ-ны сайдын 2012 оны А/92 тоот тушаалын дагуу тус сургуульд хандиваар оюутан элсүүлэх, сургалтын төлбөрөөс гадуур хууль бус төлбөр хураамж авах зэргийг хориглох бөгөөд хэрэв сургуулийн удирдлага, багш, ажилтан нар ийм төлбөр хураамж авсан бол буруутай этгээдэд захиргааны хариуцлага хүлээлгэн, хураан авсан хууль бусаар хураасан төлбөр мөнгийг эзэнд нь нэн даруй эргүүлэн олгоно.
Сургуульд бүртгүүлэх
Элсэлтийн шалгалтанд тэнцсэн хүмүүст суралцах эрхийн бичиг олгоно.
Суралцах эрхийн бичиг авсан оюутнууд 2014.08.25-30-ны өдрүүдэд сургууль дээрээ бүртгүүлнэ. Дурьдсан хугацаанд бүртгүүлээгүй бол сургууль орхисонд тооцож хасна.
Бүртгүүлж элссэн оюутан нь хичээл эхэлснээс хойш 15 хоногийн дараа онцгой хүндэтгэх шалтгаангүйгээр сургуульд суралцахаас татгалзах, өөр сургуульд шилжих зэрэг тохиолдолд сургалтын төлбөрийн 10 хувийг төлж бичиг баримтаа буцаан авч шилжилт хөдөлгөөн хийх болно.  Уг асуудлыг мөн ажлын 5 хоногт шийдэх ба хүндэтгэх шалтгааныг албан бичиг баримтаар баталгаажуулна.
Бүртгүүлж элссэн оюутан нь хичээл эхэлснээс хойш 40 хоногийн дараа онцгой хүндэтгэх шалтгаангүйгээр сургуульд суралцахаас татгалзах, өөр сургуульд шилжих зэрэг тохиолдолд сургалтын төлбөрийн 20 хувийг төлж бичиг баримтаа буцаан авч шилжилт хөдөлгөөн хийх болно. Уг асуудлыг мөн ажлын 5 хоногт шийдэх ба хүндэтгэх шалтгааныг албан бичиг баримтаар баталгаажуулна.
Бүртгүүлж элссэн оюутан нь хичээл эхэлснээс хойш 2 сарын дараа онцгой хүндэтгэх шалтгаангүйгээр сургуульд суралцахаас татгалзах, өөр сургуульд шилжих зэрэг тохиолдолд сургалтын төлбөрийг 50 хувийг төлж бичиг баримтаа буцаан авч шилжилт хөдөлгөөн хийх болно. Уг асуудлыг мөн ажлын 5 хоногт шийдэх ба хүндэтгэх шалтгааныг албан бичиг баримтаар баталгаажуулна.