Шинжлэх ухаан технологийн их сургууль

Сургалтын хөтөлбөр
ШУТИС нь Монгол улсын дээд боловсролын салбарт манлайлан Сургалтын Кредит Системийг хэрэгжүүлж байгаа нь оюутны бие даан сурах, ажиллах, амьдрах чадварыг төлөвшүүлж, суралцах хугацааны төлөвлөгөөг өөрөө зохиох, боловсруулах давуу талтайгаас гадна үндсэн болон хос мэргэжлийг эзэмшин төгсөх болно.
БСШУЯ-наас санаачлан хэрэгжүүлсэн Дээд боловсролын байгууллагуудын өөрчлөлт шинэчлэлийн төслийн хүрээнд сургалтын хөтөлбөрүүдийг сайжруулан, олон улсын жишигт хүргэх зорилгоор бүрэлдэхүүн сургууль, профессорын багууд дэлхийн тэргүүний сургуулиудын сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөнүүдийг судалж өөрсдийн хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж, хэрэгжүүлж эхлээд байна.  ШУТИС-ийн хэмжээнд бакалаврын түвшинд нийт 137, магистрын 113, докторын 108 мэргэжлээр сургалт явуулж байв. Өнгөрсөн хугацаанд Боловсролын магадлан итгэмжлэлийн зөвлөлөөр 46 мэргэжлийн хөтөлбөр, олон улсын магадлан итгэмжлэлд 15 мэргэжлийн хөтөлбөрийг магадлан итгэмжлүүлсэн байна.
ШУТИС нь 2014 оноос мэргэжлийн сургалтын төлөвлөгөөнүүдийн хичээлийн давхардлыг арилгах, тэдгээрийг олон улсын жишигт хүргэх, шинэчлэх ажлыг Инженерийн дээд боловсролын шинэчлэлийн “CDIO” санаачлаганд тулгуурлан зохион байгуулж, өнөөгийн байдлаар бакалаврын 54 хөтөлбөр, магистрын 114, докторын 74 хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлж эхлээд байна. Инженерийн дээд боловсролын шинэчлэлийн “CDIO” санаачлагын дагуу сургалтын хөтөлбөр боловсруулах, сургалтын процесст нэвтрүүлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж эхлэн 2015 онд зүүн хойт Азийн нийгэмлэгийн гишүүнээр ШУТИС элссэн нь сургалтын технологи, чанарыг дээшлүүлэх тал дээр гарсан томоохон ахиц дэвшил боллоо.
ШУТИС нь ОХУ, БНХАУ, БНСУ, ХБНГУ, Тайвань, Япон, Энэтхэг зэрэг орны их, дээд сургуулиудтай бакалаврын 18, магистрын 5 хамтарсан хөтөлбөрөөр тус тус сургалтыг зохион байгуулан явуулснаар, Төгсөгч-мэргэжилтэн нь хоёр сургуулийн дипломтой төгсч байна. Мөн “Инженер технологийн  дээд боловсрол” төслийн хүрээнд Монгол улсад өндөр боловсрол, чадвар бүхий 1000 инженер бэлтгэх  сургалтыг  Япон улсын их, дээд сургуулиудтай хамтран  хэрэгжүүлж, эхний 6 оюутныг  явуулаад байна.
2016/17 хичээлийн жилд 54 хөтөлбөр 95 гаруй мэргэжлээр элсүүлэн суралцуулна.
Хөтөлбөр мэргэжлийн танилцуулгыг http://esh.edu.mn/dservice/1 линкээр холбогдож үзнэ үү.