Шинжлэх ухаан технологийн их сургууль

Элсэлтийн журам

МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛИЙН

БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨРТ 2016-2017ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ

НЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

1.1. Дээд боловсролын тухай хуулийн 7-р зүйлийн 7.3 дахь заалт, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2013 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн А/79 тоот тушаалаар баталсан “Оюутан элсүүлэх журам”-ыг баримтлан Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн бакалаврын хөтөлбөрт оюутан элсүүлэн суралцуулахад энэхүү журмыг мөрдөнө.

1.2. Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль /ШУТИС/-д элсэн суралцахаар хүсэлт гаргагч, элсэлтийн ажлыг удирдан зохион байгуулах элсэлтийн комиссын үйл ажиллагаатай холбоотой харилцааг энэ журмаар зохицуулна.

1.3. Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яамны хяналтын тоонд багтаан ШУТИС-ийн бакалаврын хөтөлбөрт оюутан элсүүлэн суралцуулна.

ХОЁР. ЭЛСЭЛТИЙН КОМИССЫГ БАЙГУУЛАХ

2.1. Элсэлтийн комиссын бүрэлдэхүүн, гишүүдийн ажил үүргийн хуваарийг  ШУТИС-ийн Ректорын тушаалаар батална.

2.2. Элсэлтийн комисс нь энэхүү журмыг баримтлан элсэхийг хүсэгчдийн материалыг шалгах, ур чадварын шалгалтыг зохион байгуулах, өргөдөл гомдлыг барагдуулах, элсэлтийн явцад хяналт тавих болон элсэлттэй холбоотой бусад үйл ажиллагааг зохицуулна.

ГУРАВ. ШУТИС-ИЙН БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨРТ ЭЛСЭХИЙГ ХҮСЭГЧДИЙГ БҮРТГЭХ

3.1. Улаанбаатар хотоос ШУТИС-ийн бакалаврын хөтөлбөрт элсэхийг хүсэгчид  2016 оны

06   дугаар сарын 27-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн хооронд

 элсэлт бүртгэлийн www.elselt.edu.mn, www.must.edu.mn вэб хаягаар  бүртгүүлнэ.

3.2. Аймаг, орон нутгаас элсэхийг хүсэгчдийн бүртгэл болон хуваарь сонголтыг Монголын Их Дээд Сургуулиудын Консорциум /МИДСК/ зохион байгуулна. 

3.3. Аймаг, орон нутгаас ШУТИС-д элсэн суралцахыг хүсэгч нь МИДСК-ын элсэлтийн журмын дагуу заасан хугацаанд холбогдох материалуудаа бүрдүүлж өгсөн байна.

3.4. ШУТИС-ийн бакалаврын хөтөлбөрт элсэхийг хүсэгч нь элсэлтийн ерөнхий шалгалтуудыг өгч, энэ журмын нэгдүгээр хавсралтанд заасан, өөрийн сонирхсон хөтөлбөрийн хамаарах бүлгийн ерөнхий шалгалтанд тавигдах босго онооны болзлыг хангасан байна.

3.5. Аймаг, орон нутгаас оюутан элсүүлэх хуваарь дээр зөвхөн уг аймагт оршин суугаа иргэд, Улаанбаатар хотоос элсүүлэх хуваарь дээр зөвхөн Улаанбаатар хотод Ерөнхий боловсролын дунд сургууль төгссөн буюу байнга оршин суугч иргэд бүртгүүлэх эрхтэй.

3.6. Элсэлтийн материалыг хуурамчаар бүрдүүлсэнтэй холбогдон гарах хариуцлагыг бүртгүүлэгч  хүлээнэ.

ДӨРӨВ. ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ

4.1. ШУТИС-д боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас эрх олгогдсон хөндлөнгийн байгууллагын зохион байгуулсан ерөнхий шалгалтын оноог үндэслэн оюутан элсүүлнэ.

4.2. Ерөнхий шалгалтын хичээл-1, хичээл-2-ын оноог журмын нэгдүгээр хавсралтад заасан харьцаагаар авч нэмэн бүртгүүлэгчийн нийт оноог гаргана.

4.3. Бүлэг бүрээр ШУТИС-д элсэх болзол хангасан элсэхийг хүсэгчдийн нэрсийг онооны дарааллаар нь  жагсааж  заасан хугацаанд нийтэд мэдээлнэ.

4.4. Хуваарь сонгох ажиллагааг энэ журмын нэгдүгээр хавсралтанд заасан оюутан элсүүлэх бүлгүүдийн аль нэгээс нь эхлэн дуусгаж, үлдсэн бүлгүүдээс хуваарь сонголт хийсэн хүний нэрийг хасаж, бүлгийн жагсаалтыг шинээр гаргах зарчмаар гүйцэтгэнэ.

4.5. БСШУЯ-ны хяналтын тоог баримтлан элсэхийг хүсэгчдийг онооны дарааллаар нь  хоёрдугаар хавсралтад заагдсан хөтөлбөрүүдээс  сонгуулж ШУТИС-д элсүүлэн суралцуулах эрхийн бичиг олгоно. Хэрэв хөтөлбөр бүрэлдэхүүн сургуулиуд дундын хөтөлбөр бол элсэхийг хүсэгч энэ хөтөлбөрийн мэргэжлүүдээс шууд сонголт хийнэ. Тухайн жагсаалтанд багтсан элсэхийг хүсэгч дурьдсан хугацаанд хуваарь сонгоогүй бол жагсаалтын дараагийн хүнээр хуваарь сонгуулна. Хуваарь сонголт хийж ШУТИС-д суралцах эрхийн бичиг авсан хүнд дахин өөр хөтөлбөр, мэргэжил сонгохыг зөвшөөрөхгүй.   

4.6. Шалгуулагчдын нийт оноо тэнцсэн тохиолдолд эхлээд ерөнхий шалгалтанд хичээл 1-ээр авсан дүн, дараа нь хичээл 2-оор авсан дүнг харьцуулах бөгөөд шаардлагатай бол гүйцэтгэлийн хувийг харьцуулж шийдвэрлэнэ.

4.7. Улаанбаатар хотоос III бүлэгт заагдсан хөтөлбөрөөр элсэхийг хүсэгчид ерөнхий шалгалтаас гадна хар зургийн ур чадварын шалгалт өгнө. Энэ шалгалтыг ШУТИС-ийн элсэлтийн комисс тогтоосон хугацаанд зохион байгуулж авна.

4.8. Аймаг, орон нутгаас III бүлэгт заагдсан хөтөлбөрөөр элсэхийг хүсэгчдээс авах хар зургийн ур чадварын шалгалтыг МИДСК-аас тухайн орон нутагт томилогдсон элсэлтийн комисс  зарласан хугацаанд зохион байгуулж авна.

4.9. ШУТИС-ийн бакалаврын хөтөлбөрүүдэд Улаанбаатар хотоос элсэн суралцах болзол хангагчид Улаанбаатар хот дахь ШУТИС-ийн Элсэлтийн комисст, хөдөө орон нутгаас элсэн суралцах болзол хангагчид тухайн оршин суугаа аймагт МИДСК-аас томилогдсон Элсэлтийн комисст тогтоосон хугацаанд иргэний үнэмлэх, ерөнхий шалгалтын батламжтайгаа хүрэлцэн ирж хуваарь сонголт хийнэ.

4.10. 2016 онд  мэргэжлийн болон техник-технологийн улсын олимпиадад 1-ээс 5 дугаар байр эзэлсэн ерөнхий боловсролын дунд сургууль төгсөгч /ЭЕШ-ийг өгч ШУТИС-ийн босго онооны болзол хангасан байх/ олимпиадад оролцсон чиглэлээрээ ШУТИС-д элсэн суралцахыг хүсвэл тухайн хөтөлбөрөөр шууд элсүүлэн суралцуулна /Техник, технологийн улсын олимпиадын хувьд 2015 оны амжилтыг харгалзан үзнэ/.

4.11. Дээд боловсролтой иргэн ШУТИС-ийн бакалаврын хөтөлбөрт  элсэж хоёр дахь дээд боловсрол эзэмшихийг хүсвэл “ШУТИС-ийн бакалаврын сургалтын үйл ажиллагааг зохицуулах журам” –ын дагуу асуудлыг шийдвэрлэнэ.

4.12. 2016 онд ШУТИС-ийн Ахлах сургуулийг төгссөн төгсөгчдөөс бүрэн дунд боловсролын гэрчилгээний сурлагын дундаж үнэлгээ /аттестатчилалын дундаж/ нь 83 ба түүнээс дээш, элсэлтийн ерөнхий шалгалтын оноо  нь тухайн бүлгийн 1-р шалгалтанд тавигдах тусгайлсан босго оноог хангасан төгсөгчдийг онооны жагсаалтаар нь мэргэжил сонгуулж  ШУТИС-д элсүүлэн суралцуулна. 

4.13. ШУТИС-ийн бакалаврын хөтөлбөрт элсэгч нь 1,5 аас 2 жил суралцсаны дараа суралцсан хугацааны дүнгээр жагсан тухайн хөтөлбөрийн мэргэжлүүдээс сонголт хийж үргэлжлүүлэн суралцаж төгсөнө. Хамтарсан хөтөлбөрийн хувьд мэргэжлүүдээс шууд сонголт хийж сурцалцана.

4.14. ШУТИС-ийн бакалаврын хөтөлбөрт элсэн суралцахыг хүссэн гадаадын иргэдийн асуудлыг холбогдох журмаар зохицуулна.

4.15. ШУТИС-ийн бүрэлдэхүүн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль, Орхон аймаг дахь Технологийн сургуулийн элсэлтийн босго оноог “Үндэсний хэмжээний босго” оноо буюу БСШУЯ-ны сайдын 2014 оны 04 сарын 14-ны А/143 тоот тушаалыг үндэслэн тогтооно.

4.16. Оюутан элсүүлэхтэйхолбоотой маргааныг  Элсэлтийн комисс эцэслэн шийдвэрлэнэ.

ТАВ. ЭЛСЭГЧДИЙГ БҮРТГЭХ

5.1. Сургалтын төлбөрөө бүрэн төлсөн, суралцах гэрээ байгуулах эрхийн бичиг авсан элсэгчид 2016 оны 08 дугаар сарын 15-аас 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрүүдэд бүрэлдэхүүн сургуулиуд дээр бүртгүүлэн хичээл сонголт хийнэ.

5.2. 2016-2017 оны хичээлийн жилийн намрын улирлын хичээл 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр эхлэнэ.

5.3. Хяналтын тоонд багтан ШУТИС-ийн бакалаврын хөтөлбөрт  элсэн суралцах болзол хангагчид эрүүл мэндийн үзлэгт орж оюутны эрүүл мэндийн хуудас нээлгэнэ.

5.4. Суралцах гэрээ байгуулах эрхийн бичиг авсан боловч заасан хугацаанд ирж бүртгүүлээгүй элсэгчдийг гэрээ байгуулахаас татгалзсан гэж үзэж элсэх эрхийг нь хүчингүй болсонд тооцно.